Бэлгүдэй (1164?-1255?) нь Есүхэй баатрын Сочигэл хатнаас төрсөн хоёрдахь хөвгүүн. Бэлгүтэй нь бие томтой их бяртай нэгэн байсан бөгөөд цэргийн хэрэгт чадварлаг нэгэн байсан.

Бага нас

засварлах

Тэмүүжин, Хасар хоёр нийлж ах Бэгтэрийг нь харван алснаас хойш Тэмүүжинийг даган амьдрах болсон. Тэмүүжинийг барихаар Тайчууд цэргүүд ирэхэд эх дүү нараа авч шугуйд зугтан орж, мод хугалж шивээ барин, эсэргүүцэн харвалдаж байсан. Тэмүүжинийг оргон ирсний дараа Тэмүүжинтэй хамт Хэрлэн мөрний өөд Хонгирад руу Бөртэ үжинийг хамт гуйхаар явж, Сэнгүр горхин дахь гэртээ дагуулж ирсэн. Үүнээс хойш Тоорил хантай уулзаж харилцаа тогтооход Тэмүүжин, Хасарын хамт явсан бөгөөд Мэргид аймаг довтлоод Бөртэ үжин, Сочигэл эх, Хуагчин эмгэн гурвыг булаалгасны дараа Тоорил хан, Жамуха нарт хэл хүргэхэд Хасарын хамт явж байсан.

Идэр нас

засварлах

1189 онд Хамаг Монголын хан өргөмжлөгдөөд, Бэлгүтэй, Харалдай-Тохураун хоёрыг агтчин болгож, цэргийн агтыг хариуцуулсан. Нэгэн удаа Жүрхиний Сача бэхи тэргүүтэй ноёдтой нийлж хийсэн найрыг Тэмүүжиний талаас Бэлгүдэй, Жүрхиний талаас Бүри бөх нар засан зохицуулах үеэр Хатагин овгийн нэгэн хүн морины цулбуур хулгайлж байгаад баригдахад тэр хулгайчыг Бүри бөх өмөөрч, Бэлгүдэйтэй муудалцаж түүний мөрийг цавчиж орхисон ч, Бэлгүдэй үл тоон зогсож байхад, Чингис хаан Бэлгүдэйн мөрийг харж, Жүрхины талтай үймээн дэгдээж, айрагны бүлүүр зэргээр нанчилджээ.

1202 онд Татарын ханлигийг эзлэсний дараа Хуралдайд татарыг тэрэгний тэнхлэгт чацуулан хядах хэлцэлийг задруулснаас болж, бууж өгсөн Татарууд бослого гаргаж самуун дэгдээсний ялд унаж, Чингис хааны зарлигаар Их Хуралдайд орох эрхээ хасуулж, бүх хэрэг хэлэлцсний дараа орох болсон. Энэ үеэс хойш Шихихутагийг заргач болох хүртэл заргачын албыг хариуцаж байсан.

1204 онд Чингис хааныг Абжиа Хүдгэрт нутаглаж байхад Найманы талаас тэднийг дайлах тухай мэдээг Онгудын элч Юхунан нар ирж мэдэгдэн Их Хуралдайд хэрхэх тухай хэлэлцэхэд Бэлгүтэй хэлсэн нь:

"Амьд яваа байтал

       Алтан хоромсогоо алдвал

       Амьд явсны хэрэг юун?

       Нум сумаа барьсаар

       Саадаг хоромсгоо дэрлэсээр

       Ясаа хээр орхихоос

       Эрхэм сайн үхэл

       Эр хүнд байх буюу?

       Ар найман улс

       Агуу их нутагтай

       Ард иргэн олонтой

       Адуу мал баялагтай гэж

       Их сүр бадруулан

       Ийм үг хэлж байна.

       Харин энэ далимд

       Халдаж бид очвол

       Нутаг усыг эзэлж

       Нум сумыг булаахад бэрхгүй.

       Одоо бид довтлон очвол

       Олон адуугаа хурааж амжихгүй.

       Орхиод дутаах нь магадгүй бишүү.

       Орд гэрээ ачиж чадахгүй

       Хаяад залах нь лавтай бишүү.

       Олон харьяат ард нь

       Ой тайгад шургалж

       Осолдон самуурах биш

       Одоо ийм үгийг сонссоор байж

       Огт зүгээр өнгөрүүлж болохгүй

        Олон даяар байлдаар мордъё"[1]

хэмээн хэлсэнд Чингис хаан сайшааж, цэргийн шинэтгэл хийн, Найманы эсрэг дайнд мордосон ч, энэ дайнд Бэлгүтэй ноёны хэрхэн оролцсон нь тодорхойгүй.

1206 оны их хуралдайгаар Бэлгүтэй ноёнд 1500 иргэнийг өгсөн ч, түүнд алтан ургийн бусад хан хөвүүд шиг мянгатын ноёныг зааж өгөөгүй юм. 1255 онд Хубилайг хятад дахь аян дайнаас ирэхэд Мөнх хаан ял асуухад Бэлгүтэй ноён Хубилайг өмөөрсөн бөгөөд түүнийг 110 насандаа тэр жилдээ нас барсан.[2]

Бэлгүтэйн удам

засварлах

Түүний үр хойчис Юань Улсын үед Гуаннин ван (廣寧王) цолд өргөмжлөгдөөд, Онон, Хэрлэн голын нутагт аж төрж, зарим нь хятад нутагт албанд томилогдож байсан. Бага хаадын үеийн Зүүн Монголд Бэлгүтэйн удмын Муулихай ван 1456-1466 онд Молоныг хаан ширээнд залж, ахин залуу хаанаа хороох хэмжээний эрх мэдэлтэй болсон ч, Хасарын удмын Булунай ван, Ноёнболд ван нарын цэргийн хүчинд ялагдаж амь үрэгдснээр Бэлгүтэйн удмын онлигууд улс төрийн тавцангаас бууж, 16-р зууны дундаас 17-р зууны эхээр тэдний удмынхны захирсан отог хошууг Авга түмэн гэж нэрлэх болж, 1630-аад онд Манжид дагаар орсноор Шилийн голын чуулганы баруун, зүүн гарын Авга, Авга нар дөрвөн хошуудын засаг ноёд болсон. Халхад үлдсэн зарим хэсэг нь Халхын Сэцэн хан аймгийн дотор харъяат тайж болж үлдсэн. Одоогоор Өвөр Монголд ихэнхи нь Шилийн голын аймагт амьдарч байна.

  • Бэлгүдэй ноён
    • Есүбуха
      • Жахуту
        • Төмөр
        • Наян
          • Тугтөмөр
    • Хүмүнбуха
      • Мэргидэй
        • Хоничи
        • Мичир
        • Сариман
        • Хөхөчү
          • Сочигин
            • Онхудай
      • Хонгирадай
        • Чэригтөмөр
        • Алхунча
    • Хантух
      • Хорхи
        • Тачу
    • Мэнд
      • Шихи ноён
        • Номхон ноён
          • Мөнхтөгс
            • Энхтөгс
              • Агуу галзуу
                • Навчинбор
                  • Хулу
                    • Намачин
                      • Ёшиму
                        • Хавар
                          • Мөнх ноён
                            • Муулихай ван
                              • Очир засагт
                                • Баян ноён
                                  • Баясах Бүргэд ноён
                                    • Тарни гүдэн ноён
                                      • Сүсүнги үйзэн ноён
                                      • Номи тэмгэт ноён
                                        • Бинт ноён
                                          • Эрдэнэ гүүши ноён
                                            • Дорж илдэн ноён
                                              • Дун Ишрав түшээт бэйс: 1665 онд Чин улсад дагаар орж, 1667 онд Авганар баруун хошууны анхны засаг ноён болсон
                                                • Юншээбүү бэйс
                                              • Цэрэн мэргэн бэйл: 1661 онд халхаас нүүж, Чин улсад дагаар ороод 1667 онд Авганар зүүн хошууны анхны засаг ноён болсон
                                                • Самхар алдар бэйл


  1. "Монголын нууц товчоо: Ван хан сөнөсөн нь: 190-р бүлэг". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-10-17.
  2. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 166.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  NODES