Аргын жил дараалал
1904 · 1905 · 1906 · 1907
1908 1909 1910
1911 · 1912 · 1913 · 1914
Хамаарах арван
1900-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMIX) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун есдүгээр оны шороон тахиа жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 909-р он, 20-р зууны ес дэх жил, 1900-аад он гэж тоолбол арав дахь жил.

Энэ онд болсон үйл явдлууд

засварлах

Нэгдүгээр сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 1 – 1908 оны ахмад настны тэтгэврийн хууль: Их Британийн парламент шаардлага хангасан 70-аас дээш настай иргэдэд долоо хоногийн 12 шиллингийн тэтгэвэр бодож, олгох шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргасан эхний жилд 490 мянган хүн хамрагджээ.
  • Нэгдүгээр сарын 3 – Германы Социологийн нийгэмлэгийг эрдэмтэн Макс Уебэр, Фердинанд Тоннис, Георг Симмел нар байгуулжээ.
  • Нэгдүгээр сарын 4 – Испанийн эзэн хааны хөлбөмбөгийн холбоо Мадрид хотноо албан ёсоор байгуулагдлаа.
  • Нэгдүгээр сарын 6 – Германы шахалт, мэдлийн дагуу одоогийн Намиб улсад очир-эрдэнэ олборлох уурхайг нээжээ.
  • Нэгдүгээр сарын 7 – Францын нисгэгчдийн клуб дэлхийн хамгийн анхны нисгэгчийн үнэмлэхийг гардуулжээ. Хамгийн эхэнд Орвиль болон Уильбур Врайт, Алберт Дюмон, Луй Блеруа, Роберт Пелтьер, Леон Делагранж, Хенри Фарман, Фердинанд фербер нарт олгосон байна.
  • Нэгдүгээр сарын 9 – Панам улс Колумби улсаас тусгаар тогтнож, улмаар АНУ-аас тусламж хүсчээ. Гурван улсын гэрээний дагуу Панам улс Колумби улс 10 жилийн туршид 250 мянган ам.доллар төлөх болсон тул ийнхүү АНУ-аас тусламж хүссэн байна.
  • Нэгдүгээр сарын 11 – АНУ-ын ерөнхийлөгчөөр Уиллиам Ховард Тафт сонгогдлоо. Тэрээр сонгогчдын коллегийн 321 хүний санал авч ерөнхийлөгч болсон юм.
  • Нэгдүгээр сарын 17 – Хаант Оросын эрх баригчид кино театрт хөгжим тоглохыг тодорхойгүй хугацаагаар хорих шийдвэр гаргажээ. Учир нь кино үзэж байхад түгшүүртэй болгож, улмаар хувьсгалч шинж чанар агуулж байсан тул ийнхүү хориглосон байна.
  • Нэгдүгээр сарын 21 – Манжуурт төмөр зам барих АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ноксын санаачилгыг Япон, Хаант Орос улс эсэргүүцжээ.
  • Нэгдүгээр сарын 24 – Эрдэмтэн Роберт Х.Годдард пуужин хөөргөж болох тухай санааг анх гаргасан бүтээлээ хэвлүүлжээ. Түүний энэ санаа сансар огторгуйг эзэгнэх хүн төрөлхтөний хүслийг бадрааж өгсөн юм.
  • Нэгдүгээр сарын 28 – Куба улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хосе Мигель Гомез тангарагаа өргөлөө.
  • Нэгдүгээр сарын 30 – АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельт нэг центийн зоосон дээр Авраам Линкольны дүрсийг сийлэх шийдвэр гаргаж, сийлбэрч Виктор Д.Бреннэрийн загваруудтай танилцжээ.

Хоёрдугаар сар

засварлах
  • Хоёрдугаар сарын 4 – АНУ-ын Калифорни мужийн төлөөлөгчдийн танхим Ази гаралтай Америк хүүхдүүдийг, цагаан арьстнуудтай хамт нэг ангид суулгаж, сургуульд сургах шийдвэр гаргалаа. Уг шийдвэрт "Уугуул америкчууд болон монголжуу төрхтэй, хятад, япон гаралтай хүүхдүүдийг цагаан арьстнуудын сургуульд авсугай" гэж тусгажээ.
  • Хорёдугаар сарын 5 – Америкийн химичдийн нийгэмлэг шуурхай хуралдаан зарлаж, шинэ тутам нээгдээд байсан "Бейклайт" буюу хуванцарыг шинэ химийн нэгдэл гэж хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү хүний гараар хиймлээр бүтсэн анхны бодисийг химийн элемент, нэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
  • Хоёрдугаар сарын 8 – "Хурдан буу" буюу автомат буу зохион бүтээсэн Хирам Максимийн хүү болох Хирам П.Максим дуу намасгагч зохион бүтээснээ зарлалаа.
  • Хоёрдугаар сарын 12 – АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольны мэндэлсний 100 жилийн ойг угтаж, АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рүүзвельт Кентаки мужийн Ходжвилль хотод дурсгалын мавзолей босгожээ.
  • Хоёрдугаар сарын 15 – АНУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Аризона, Нью-Мексико мужийг шинээр нэмэх тухай санаачилга гарав. Гэвч албан ёсоор муж болтлоо 1912 оныг хүлээх шаардлага гарсан юм.
  • Хоёрдугаар сарын 24 – Австри-Унгарын эзэнт гүрэн Босни-Герцеговинаг хүчээр түрэмгийлэн эзэлснээс үүдэн Европыг хамарсан хямрал дэгджээ.
  • Хоёрдугаар сарын 26 – Дэлхийн хамгийн анхны өнгөт киног олон нийтэд танилцууллаа. Их Британийн нийслэл Лондон хотийн "Шилтгээн" кино театрт нийт 21 хэсэг бүхий богино хэмжээний киног өнгөтөөр олон нийтэд танилцуулсан юм.
  • Хоёрдугаар сарын 26 – Австри-Унгарын эзэнт гүрэн болон Османы эзэнт гүрэн хооронд Босни-Герцеговинаг Австри-Унгарын эзэнт гүрэнд 2.5 сая туркийн фунтээр зарахаар болжээ.

Гуравдугаар сар

засварлах
  • Гуравдугаар сарын 2 – АНУ-ын Конгресс олон улс оронтой дипломат харилцаа тогтоох шийдвэр гаргав. Түүний дотор Австри-Унгарын эзэнт гүрэн, Япон, Бразил, Турк улсад элчин сайдын яам байгуулахаар болжээ.
  • Гуравдугаар сарын 4 – АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Уиллиам Ховард Тафтын тангараг өргөх ёслол болжээ. Тэрээр АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч болсон юм. Түүний тангараг өргөх ёслолын үеэр цасаар шуурсан нь Эндрью Жексоноос хойшхи анхны тохиолдол болсон байна.
  • Гуравдугаар сарын 9 – Францын парламент орлогийн албан татварын тухай хуулийн төслийг олонхын саналаар баталжээ.
  • Гуравдугаар сарын 10 – Оросын эзэнт гүрэн армийн дүрэмт хувцасыг хар ногоон, зүүн рүүгээ давж товчлогддог энгэр бүхий таван товчтой байхаар соёрхон баталжээ.
  • Гуравдугаар сарын 11 – АНУ-ын Лос Анжелес хотын амбан захирагч Артур С.Харперийг Лос Анжелесийн конгресс огцруулах шийдвэр гаргажээ. Тэрээр эцсийн үг болгож "Би бодлогогүй, болчимгүй зангаасаа болж залруулж боломгүй алдаа гаргасан" гэж мэдэгдсэн байна.
  • Гуравдугаар сарын 12 – Дани улс анх удаа орон нутгийн сонгуульд 25 нас хүрсэн эмэгтэй нэр дэвшиж болно гэж хуульчилжээ.
  • Гуравдугаар сарын 15 – 1900-аад оны алдартай бизнесмен, худалдаачин Селфриж Лондон хотод анхны дэлгүүрээ нээв.
  • Гуравдугаар сарын 16 – АНУ-ын шинээр сонгогдсон томилогдсон Ерөнхий прокурор Жорж Уикершам Мөрдөн шалгах товчоог байгуулах шийдвэр гаргажээ. Гэвч 1934 онд албан ёсоор байгуулагдаж "Холбооны мөрдөх товчоо" гэж нэршилийг нь сольсон байна.
  • Гуравдугаар сарын 19 – Зохион бүтээгч Гленн Көртис, Аугустус Херинг нар нисэх онгоц үйлдвэрлэх анхны хувийн компани байгуулжээ. Тэд компаниа Херинг-Көртисийн компани гэж нэрлэсэн

байна.

  • Гуравдугаар сарын 22 – Австри-Унгарын эзэнт гүрэн Серби улсыг эзлэн түрэмгийлэх зорилгоор их хэмжээний цэрэг оруулав. Энэ үйл явдлыг Оросын эзэнт гүрэн дайн өдөөсөн хэрэг хэмээн үзэж, 1787 оны Берлиний тунхагыг зөрчсөн гэж буруутгажээ. Хэд хоногийн дараа бүх Европ даяар Австри-Унгарын эзэнт гүрнийг буруутгасан билээ.
  • Гуравдугаар сарын 25 – Оросын эзэнт гүрний хаан II Николай Сербийг эзлэн түрэмгийлсэн Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав. Үүнээс хойш таван жил үргэлжилсэн Балканы хямрал эхэлсэн юм.
  • Гуравдугаар сарын 27 – Хятадын улстөрийн түүхэнд анх удаагаа нийтээр дагаж мөрдөх "Үндэсний хууль" батлагджээ.
  • Гуравдугаар сарын 28 – Алдарт зохион бүтээгч Александер Грем Белл олон нийтэд телефон утас зохион бүтээснээ албан ёсоор зарлалаа. Тэрээр Канадад байрлах Доминион компаниас Америкийн Брентфорд

руу дуудлага хийж, цугларсан олонд сонсгожээ.

  • Гуравдугаар сарын 31 – Францын зохион бүтээгч Шарль Пате кино мэдээ буюу дүрст мэдээг кино театрт гаргасан байна.

Дөрөвдүгээр сар

засварлах
  • Дөрөвдүгээр сарын 1 – Куба улсаас АНУ-ын цэргийн сүүлийн анги нэгтгэл гарав.
  • Дөрөвдүгээр сарын 4 – АНУ-ын Нью-Йорк хот анх удаа автомашины хурдны хязгаарыг 19 км/ц болгон тогтоожээ. Тогтоол гарсан анхны өдөр 19 хүн баривчлагдсан байна.
  • Дөрөвдүгээр сарын 8 – Австри-Унгарын эзэнт гүрэн Босни Герцеговинаг эзлэн түрэмгийлсэн гэдгийг Их Британи болон Франц улс албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
  • Дөрөвдүгээр сарын 10 – Хаант Орос улсын хаан II Николай Финландын тусгаар тогтнох хүслийг үндсэндээ хүлээн зөвшөөрч Төрийн Думаар хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа.
  • Дөрөвдүгээр сарын 13 – Османы эзэнт гүрний нэгэн сонины эрхлэгч Хассан Эффендиг буудан хороосны дараа олон мянган эсэргүүцэгчид Константинополь хотод жагсаал зохион байгуулав. Жагсагчид Ерөнхий сайд болон түүний кабинетийг огцрохыг шаардсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 14 – Иран улсын газрын тосыг олборлох зорилготой Иран-Английн хамтарсан газрын тосны компани байгуулагдав. Хожим хойно тус компани Британийн газрын тосны компани буюу British Petroleum болгон нэрээ өөрчилсөн юм.
  • Дөрөвдүгээр сарын 16 – Одоогийн Танзани орчмоос Германы Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн олон арван үлэг гүрвэлийн араг ясыг илрүүлжээ. Мезозойн эрин буюу 200-аад сая жилийн тэртээх Брахиозавр гэх үлэг гүрвэлийн 220 тонн араг яс олдсон байна.
  • Дөрөвдүгээр сарын 17 – Шотландын хөлбөмбөгийн аварга шалгаруулах цомын тэмцээний шувтаргын тоглолтод учраа таарсан Селтик болон Рэйнжерс багийн тоглолт 1:1-ээр тэнцсэн ч шүүгч нэмэлт цаг сунгасангүй. Ундууцсан хөгжөөн дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж, үймээн дэгдээжээ. Гласгоу хотын цагдаагийн газар 200 хүнээр хүч нэмэгдүүлэн ажилласан ч 100 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ нөхцөл байдлын дараа Шотландын хөлбөмбөгийн холбоо хоёр багийн алинд нь ч цом олгохгүй байх шийдвэр гаргажээ.
  • Дөрөвдүгээр сарын 18 – Ромын пап X Пиус ламтан Францын домогт Жанна Д'Аркыг нас барснаас хойш 475 жилийн дараа "гэгээнтэн" цол хайрлах шийдвэр гаргажээ. Шийдвэр гарснаас хойш тав хоногийн дараа болсон ёслолд 30 мянган сүсэгтэн оролцсон гэх баримт бий.
  • Дөрөвдүгээр сарын 19 – Америкийн бейсболын мэргэжлийн лигийн ээлжит тойрогт учраа таарсан Вашингтон Сенаторс, Бостон Ред Сокс багийн тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт, дэд ерөнхийлөгчийн хамтаар үзэж сонирхов. Ингэснээр АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхэнд бейсболын тоглолт үзсэн анхны ерөнхийлөгч болсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 22 – АНУ-ын Үндэстний цөөнхийн асуудал хариуцсан хороо Уугуул америкчуудын хэлийг Англи хэлтэй жишиж харьцуулсан толь бичгийг гаргажээ. Уг толь бичгийг Сайрус Байингтон гардан хариуцсан байна.
  • Дөрөвдүгээр сарын 24 – Хятадын үндэсний номын сан байгуулагдав. 24 сая сан хөмрөгтэй тус номын сан дэлхийн тав дахь том номын сан билээ.
  • Дөрөвдүгээр сарын 26 – Хосолмол засаглалтай Авсри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Александер Векерле үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ. Балканы хямралаас шалтгаалан тус улс албан ёсны ерөнхий сайдгүй 1910 оны төгсгөлтэй золгосон юм.
  • Дөрөвдүгээр сарын 27 – Османы парламент Султан II Абдул Хамидийг хаан ширээнээс нь буулгаж, дараагийн султанаар V Мехмедийг өргөмжлөв. Шинэ хаан өөрийн ах Абдул Хамидийг гэрийн хорионд оруулж, хорих шийдвэр гаргажээ.
  • Дөрөвдүгээр сарын 28 – Османы эзэнт гүрний экс султан Абдул Хамидийг Салоника хотод байрлах Бейлербейри ордонд гэрийн хорионд оруулахаар болжээ. Тэрээр насан эцэслэх хүртлээ энэ ордонд хоригдсон юм.
  • Дөрөвдүгээр сарын 29 – Хаант Оросын генерал Шарский Персийн Табриз хотыг хүчээр эзлэв. Персийн Шахын эсрэг болон босогчдын эсрэг хүчтэй тулалдсанаас хойш 10 сарын дараа Персээс Хаант Оросын цэрэг гарсан билээ.
  • Дөрөвдүгээр сарын 30 – Их Британи дээгүүр нисэх онгоцоор ниссэн анхны хүнээр Жон Моор-Брабазон тодров.
    • Дөрөвдүгээр сарын 30 – ДеУилбиссийн компани өөрсдийн зохион бүтээсэн технологи дээрээ үндэслэн будаг шүршэгч зохион бүтээж, албан ёсоор патентжуулжээ. Тухайн үедээ энэ бүтээл маш хурдан хэрэглээнд нэвтэрсэн билээ.

Тавдугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 5 – Германы Саксони муж сонгогчдын тухай хуулинд өөрчлөлт орууллаа. Шинэ хуулиар 25-аас дээш насны насанд хүрсэн бүх хүн сонгуульд оролцдог байхаар тусгажээ.
  • Тавдугаар сарын 7 – Ромын пап X Пиус ламтан "Папын дэргэдэх Библийн хүрээлэн"-г байгуулав.
    • Тавдугаар сарын 7 – Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн Швейцарийн Берн хотод оюуны өмчийн хэлтэст дээгүүр алба хаших болов.
  • Тавдугаар сарын 13 – Дэлхийн дугуйн спортын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг гэгдэх "Жиро Д'Италиа анх удаагаа зохион байгуулагдав. Анхны тэмцээнд 127 дугуйчин өрсөлдөж, нутгийн дугуйч Лиужи Ганна түрүүлжээ.
  • Тавдугаар сарын 17 – АНУ-ын тэргүүн хатагтай Нелли Тафтын хоолой үрэвсэж, ярьж чадахаа болив. Нэг жилийн дараа тэр бүрэн эдгэрсэн юм.
  • Тавдугаар сарын 18 – Германы эмийн "Байер" үйлдвэрт гарган авсан сульфаниламидийг эмийн нэршлээр бүртгэн авав.
  • Тавдугаар сарын 23 – Хаант Оросын Санкт Петербург хотод III Александер хааны морьт хөшөө нээлтээ хийжээ. Уг хөшөөг уран барималч Паоло Трубецкой урласан байна. 1924 онд социалистууд уг хотыг Ленинград хэмээн нэрлэж, хөшөөг хотын музейн байр руу зөөжээ. Гэвч 1994 онд хотын удирдлагууд дахин хуучин байранд нь байршуулсан байна.
  • Тавдугаар сарын 24 – Европын улсуудаас Швед улс анх удаа үндэсний цэцэрлэгүүдийг дархлав. Шведийн парламент Абико, Ангсо, Гарфиттан, Гоцка Сандөн, Хамра, Пьелкайс, Сарек, Стора Шофаллет, Шонфаллет зэрэг найман цэцэрлэгт хүрээлэнг дархалжээ.
  • Тавдугаар сарын 27 – АНУ-ын Техас мужийн Шепард тосгонд солир унав. солирт хувийн эдлэн газар өртөж, тал нь бүрэн сүйджээ.
  • Тавдугаар сарын 28 – Германы Берлин хотод хуралдсан ОУОХ-ны хуралдаанаар 1912 оны олимпыг Шведийн Стокгольм хотод зохион байгуулах шийдвэр гаргажээ.
  • Тавдугаар сарын 29 – Перугийн нийслэл Лима хотод Хятадын цагаачдыг эсэргүүцсэн жагсаал эцэстээ бослого хөдөлгөөн болж Ерөнхийлөгч Августо Б.Легуяаг барьцаалах гэж оролдов. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлтэй болоогүй юм.

Зургаадугаар сар

засварлах
  • Зургаадугаар сарын 1 – Австралийн ерөнхий сайд Эндрью Фишер зургаан сарын дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр болов. Түүний орыг Альфред Дийкн залгасан билээ.
  • Зургаадугаар сарын 2 – Африкийн Чад улсад Франц улс бүрэн ноёрхолоо тогтоов.
  • Зургаадугаар сарын 6 – Хятадын хаант засаг Британи, Герман, Францын банкуудын оролцоо бүхий хамтарсан консорциумаа Кантон, Ханкоу, Ченгту хотыг нийслэл Бээжинтэй холбох төмөр замын ажлыг гүйцэтгүүлэхээр болов.
  • Зургаадугаар сарын 7 – Германы засгийн газар монополь, хууль бус үйл ажиллагаа, хууль бусаар хөлжих байдлыг таслан зогсоох зорилгоор "Цэвэр өрсөлдөөний хууль"-ийг боловсруулж дуусгав.
  • Зургаадугаар сарын 10 – Авраам Линкольны хөрөг бүхий нэг центийн зоос гүйлгээнд нэвтэрч эхлэв.
  • Зургаадугаар сарын 13 – Колумбийн ерөнхийлөгч Рафаел Рейс Панамтай хийсэн хэлэлцээр бүтэлгүйтэж, авах ёстой татвараа авч чадаагүй гэж үзэн өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ.
  • Зургаадугаар сарын 15 – Бразилйн ерөнхийлөгч Афон Пена насан эцэслэснээс хойш хэдхэн өдрийн дараа Бразилийн ерөнхийлөгчийн тангарагыг Нило Печаньяа өргөжээ. Тэрээр Бразилийн түүхэн дэх анхны бөгөөд сүүлийн африк гаралтай ерөнхийлөгч юм.
  • Зургаадугаар сарын 18 – АНУ-ын нэр хүндтэй шагнал гэгдэх Конгрессийн алтан медалийг Уилбур болон Орвиль Врайт нарт "Нисэх техникийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэнд талархаж" энэхүү шагналыг гардуулжээ.
  • Зургаадугаар сарын 26 – Хаант Оросын II Николай хаан Швед улсад төрийн айлчлал хийхээр Стокгольмд хүрэлцэн иржээ.
  • Зургаадугаар сарын 28 – АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхэнд анх удаагаа ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт жирийн иргэдтэй үдийн зоог барьжээ.

Долоодугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 1 – 1882 оноос хойш анх удаа Их Британид улстөрийн аллага болов. Британийн Энэтхэгийн төрийн нарийн бичгийн дарга Сир Уиллиам Курзон-Виллиг буудан хороов. Түүнийг Энэтхэг гаралтай Мадан Лал Дингра буудан хороожээ.
  • Долоодугаар сарын 3 – Кола болон Пепси-г орлогоороо гүйцэж түрүүлэх зорилготой Кока-Нола компанийн ундааг кокайн агуулсан гэж үзэн хураан авав. Энэ хэрэг явдлаас хойш долоон жилийн дараа Кока Нола бүрэн дампуурчээ.
  • Долоодугаар сарын 5 – Хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулж, улмаар Үндсэн хуульд 16 дахь нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүнийг АНУ-ын Сенатын танхим 100 хувийн саналаар дэмжсэн юм.
  • Долоодугаар сарын 7 – Арабын ертөнцөөр бүрэн аяласан домогт Т.И.Лоуренс аялалаа эхлүүлжээ. Хожимоо түүнийг "Арабын Лоуренс" гэж нэрлэсэн билээ.
  • Долоодугаар сарын 8 – Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлах зорилгоор Дотоодын аюулгүй байдлын сайд Херберт Гладстоун, Шарлот Деспард нараар ахлуулсан эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамт эзэн хаан VII Эдуардад бараалхжээ.
  • Долоодугаар сарын 9 – Өмнөд Америкийн Боливи, Перу улсуудад хилийн маргаан гарч улмаар Аргентиний ерөнхийлөгч Хосе Фигуероа Алькорта зуучлагчийн үүрэг гүйцэтгэн, хэлэлцээ зохиож эхэлжээ.
  • Долоодугаар сарын 14 – Германы Канцелорын суудалд Теобалд фон Бетманн-Холлвег суув.
  • Долоодугаар сарын 16 – Персийн үндсэн хуулийн хувьсгалын үр дүнд 12 настай хунтайж Мохаммад Али Шах Кажарыг хаан ширээнд залав.
  • Долоодугаар сарын 19 - Дэлхийн хамгийн том метро болох Нью-Йоркын метроны нэгэн хэсэг болох Хадсоны зогсоол нээлтээ хийв. Энэ зогсоол нь Манхеттэн болон Жерси хотыг холбосон урт замын зогсоол юм.
  • Долоодугаар сарын 20 - Францын ерөнхий сайд Жорж Клеменс Сангийн сайд асан Теофиль Делкассыг өдөөн турхирч, бүдүүлэг авир гаргасныхаа улмаас өөрийн хүсэлтээр огцрох болжээ. Түүнийг Аристид Брайнд залгамжилсан юм.
  • Долоодугаар сарын 29 - Женерал Моторс компани Кадиллак компанийг 5.5 сая ам.доллараар өөрийн болгожээ.
  • Долоодугаар сарын 31 - Ираний исламын шашны Шийтийн урсгалын лидер Шейх Фазлола Ноорийг төрийн эрхийг хүчээр авахыг санаархсан гэж үзэн дүүжлэн цаазаар авчээ. Энэ явдлаас хойш 70 жилийн дараа Шашны тэргүүн Аяатолла Хомейний түүнийг үндэсний баатар хэмээн өргөмжилсөн юм.

Наймдугаар сар

засварлах
  • Наймдугаар сарын 1 - Испанийн Каталони үндэстнүүдийн өлгий Барселона хотод дайныг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарлажээ. Долоо хоног үргэлжилсэн жагсаал, цуглаан сүүлдээ мөргөлдөөн болон хувирч улмаар олон арван хүн амиа алджээ. Испанийн түүхэнд энэ долоо хоногийг "Цуст долоо хоног" гэж нэрлэсэн байна.
  • Наймдугаар сарын 2 - Линкольны зурагтай нэг центийн зоос гүйлгээнд албан ёсоор нэвтрэв.
  • Наймдугаар сарын 3 - Канадад зохион бүтээгдсэн анхны онгоц, толгодын орой мөргөн сүйрчээ.
  • Наймдугаар сарын 4 - Шведийн цаас, төмөр, гангын үйлдвэрийн 80 мянган ажилтан ажил хаялт зарлав. Шведийн үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан уг ажил хаялтад хоёр хоногийн дараа 460 мянган ажилчин нэгдсэн гэдэг.
  • Наймдугаар сарын 6 - АНУ-ын түүхэнд анх удаа Алис Хойлер Рамси гэгч эмэгтэй жолооны үнэмлэх авчээ.
  • Наймдугаар сарын 10 - Цемент өрөмдөх зориулалт бүхий давхар цохилтод өрөмдлөгийн машиныг /эцэг/ Ховард Р.Хьюс зохион бүтээж, патент авав.
  • Наймдугаар сарын 11 - Олон улсын Морзын кодын практикт анх удаа SOS ослын дуудлагыг ашиглажээ. Хойд Каролина умжийн Хаттерас хошууны орчимд эрчим хүчээ алдсан Арапахое хөлөг SOS дуудлагыг ашигласан байна. Тус хөлөг 36 цагийн дараа аврагдсан юм.
  • Наймдугаар сарын 13 - Венесуэль улсын 38 дахь ерөнхийлөгч Хуан Висенте Гомез тангарагаа өргөв.
  • Наймдугаар сарын 15 - Ромын пап IX Пиус ламтан автомашинд суусан анхны пап ламтан болжээ. Түүнд Америкийн Католикуудын холбооноос автомашин бэлэглэсэн байна.
  • Наймдугаар сарын 16 - Османы эзэнт гүрэнд гарсан Идэрчүүдийн хувьсгалын улмаар үндсэн хуулиндаа таван өдрийн дараа өөрчлөлт оруулжээ.
  • Наймдугаар сарын 17 - Палеонтологич Эрл Дугласс Юта мужийн Вернал хотоос зүүн зүгт 32 км-ийн зайд орших "Ногоон нуур"-ын эргээс Бронтозаврын сүүлний есөн ясыг илрүүүлжээ.
  • Наймдугаар сарын 20 - Одой гариг болох Плутон гаригийн зургийг Йеркесийн одон орон судлах төвийн одон орончид дүрсэнд буулгажээ. Тухайн үед үүнийг ач холбогдолтойд тооцоогүй юм. 2000 онд л Америкийн сансар судлалын агентлагын шинжээчид Плутон гаригийн зураг гэдгийг тогтоожээ.
  • Наймдугаар сарын 24 - Панамын сувгийг барих ажил албан ёсоор эхэлжээ.
  • Наймдугаар сарын 25 - Дэлхийн түүхэнд анх удаа АНУ-ын арми зэвсэглэлдээ нисэх онгоцыг нэвтрүүлж, Мерилэнд мужийн Коллеж парк-д нисэх бааз байгуулав.
  • Наймдугаар сарын 26 - Шведийн палеонтологич Отто Хаузер Францаас эртний хүний бүтэн араг ясыг, чулуун зэвсэгнүүдийнх нь хамт илрүүлжээ. Эрдэмтэд тус араг ясыг 35 мянган жилийн өмнөх гэдгийг нь тогтоосон юм. 2011 онд нарийн шинжилгээнд оруулж, улмаар МЭӨ 7575 онд хамаарах болохыг нь тогтоожээ.
  • Наймдугаар сарын 29 - Дэлхийд анх удаа зохиогдсон нисэх онгоцны уралдаанд Гленн Көртис түрүүлж, 5 мянган ам.долларын шагнал хүртжээ.

Есдүгээр сар

засварлах
  • Есдүгээр сарын 4 - Хятад-Солонгосын засгийн газар хилийн бүсээ шинээр тогтоожээ. Хятад болон Солонгосыг Түмэн голоор зааглан тогтоосон байна.
  • Есдүгээр сарын 5 - Хаант Оросын II Николай хааны амь насанд халдах оролдлого Севастополь хотод болсон ч, амжилтгүй болжээ.
  • Есдүгээр сарын 6 - Америкийн нэрт аялагч, ахмад Роберт Пийри Хойд Туйлаас цахилгаан мэдээ илгээв.
  • Есдүгээр сарын 9 - Хятадын үндэсний номын санг барих ажил эхэлжээ. Тус номын сан 1912 оны наймдугаар сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм.
  • Есдүгээр сарын 11 - Одон оронч Макмиллиан Вольф анх удаа Хейлигийн сүүлт одыг дэлхийд ирэх хугацааг бүрэн тогтоож чаджээ.
  • Есдүгээр сарын 15 - Оросын нутаг дээгүүр анх удаа нисэх онгоц үзэгджээ. Францын нисгэгч Жорж Леганье Москва орчмоор ниссэн байна.
  • Есдүгээр сарын 16 - 20 настай Адольф Гитлерийг байрны мөнгө төлөх чадваргүй гэж үзэн Вьенна хотод байсан орон сууцнаас нь хөөж гаргав. Тэрээр хэдэн сарын турш гэр оронгүй байсан юм.
  • Есдүгээр сарын 21 - Хойд туйлд хүрсэн дэлхийн анхны хүн болох Фредерик Күүк эх нутагтаа ирлээ.
  • Есдүгээр сарын 24 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Николай Римский Корсаковын хамгийн сүүлийн дуурь болох "Алтан тахиа" Москвад анх удаа тавигдав.
  • Есдүгээр сарын 29 - Нисгэгч, зохион бүтээгч Вильбур Врайт Нью-Йорк болон Нью-Жерсигийн иргэдэд нисэх онгоцоор нисч үзүүлжээ. орон нутгийн цагаар өглөөний 10:18 цагт Эрх чөлөөний хөшөөг хэд, хэдэн удаа тойрсон байна.

Аравдугаар сар

засварлах
  • Аравдугаар сарын 5 - Форд болон Женерал Моторс компаниуд хамтран ажиллах 9 сая долларын гэрээнд Хенри Форд, Уиллиам К.Дюрант нар гарын үсэг зуржээ.
  • Аравдугаар сарын 6 - Австралийн Перт хотын шоронд хоригдож байсан Марта Ренделл гэгчийг цаазаар авчээ. Тэрээр өөрийн гурван хүүхдээ хөнөөсөн юм.
  • Аравдугаар сарын 9 - АНУ-ын Массачусетс мужаас гаралтай Уиллиам Жеймс Сайдис нь Харвардын их сургуульд элсэн суралцсан хамгийн залуу оюутнаар нэрлэгдлээ. Тухайн үед тэрээр 11 настай байсан юм.
  • Аравдугаар сарын 13 - Каталонийг салан тусгаарлах үзлийг дэлгэрүүлж, жагсаал зохион байгуулсан гэсэн үндэслэлээр профессор Франчиско Феррерийг Испанийн хааны шийдвэрээр цаазаар авчээ. Үүнийг Франц тэргүүтэй европын хэд, хэдэн улс хүчтэй эсэргүүцсэн юм.
  • Аравдугаар сарын 14 - Испанийн хөлбөмбөмбөгийн холбоо албан ёсоор байгуулжээ.
  • Аравдугаар сарын 16 - Зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн анхны авиа компани болох ДЕЛАГ компани Германийн Франкфурт хотод байгуулагдав.
  • Аравдугаар сарын 22 - Францын иргэн Баронне де Лароше нисэх онгоцоор ниссэн анхны эмэгтэй нисгэгч болжээ. Тэрээр газраас 300 метрийн өндөрт, 6 км зам туулсны эцэст газардсан юм.
  • Аравдугаар сарын 26 - Япон улсын ерөнхий сайдаар дөрвөн удаа сонгогдсон Хиробуми Ито Хятадын Манжуур хотын Харбиний галт тэрэгний буудалд халдлагад өртөж амиа алджээ. Түүнийг Солонгосын өндөр албан тушаалтан болох Ан Жон-Гён хороосон юм.
  • Аравдугаар сарын 31 - Ирландын үндэсний их сургууль болон Бельфастын хатан хааны их сургууль нэгдэж, Ирландын эзэн хааны сургууль байгуулагджээ.

Арваннэгдүгээр сар

засварлах
  • Арваннэгдүгээр сарын 5 - Европ тивийн хамгийн анхны сүлжээ дэлгүүр болох Вүүлуортын их дэлгүүр үүдээ нээжээ.
  • Арваннэгдүгээр сарын 8 - Дэлхийн түүхэнд анх удаа автомашинаар цагт 200 км хурдалсан хүнээр Францын иргэн Виктор Эмери тодорчээ.
  • Арваннэгдүгээр сарын 10 - Австрийн сэтгэл судлалын нийгэмлэгийн гишүүн, эрдэмтэн Исидор Саджер өөрийгөө дөвийлгөх, өөрийгөө магтах өвчнийг судалж, судалгааны материалаа танилцуулжээ.
  • Арваннэгдүгээр сарын 14 - Дэлхийг завиар ганцаараа бүрэн тойрохоор Жошуа Слокум аялалаа эхлүүлжээ. Гэвч тэрээр аялалаасаа хэзээ ч эргэж ирээгүй билээ.
  • Арваннэгдүгээр сарын 16 - Их Британи, Франц, АНУ, Герман, Итали, Япон, Орос, Испани, Австри-Унгарын эзэнт гүрний эрдэмтэд Лондон хотноо хуралдаж, олон улсын газрын зургийн нэг м хавтгай дөрвөлжин километрийн масштабыг 1:1,000,000 байхаар стандарт тогтоов.
  • Арваннэгдүгээр сарын 19 - Төв мэдрэлийн систем нь гэмтсэн хүмүүсийг эмчлэх зорилготой анхны төрөлжсөн эмнэлэг болох Нью-Йоркын тархи мэдрэлийн нэгдсэн хүрээлэн үүдээ нээжээ.
  • Арваннэгдүгээр сарын 21 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт, Төрийн нарийн бичгийн дарга Нокс нар Цагаан ордонд хоёр цаг уулзсаны эцэст Америкийн хоёр иргэнийг цаазаар авсан Никарагуа улс руу Баффало байлдааны хөлөг илгээхээр болжээ.
  • Арваннэгдүгээр сарын 28 - Алдарт хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын гуравдугаар концерт АНУ-д анх удаа тоглогдов.

Арванхоёрдугаар сар

засварлах
  • Арванхоёрдугаар сарын 1 - Албанийн үндэсний их сургууль албан ёсоор байгуулагджээ.
  • Арванхоёрдугаар сарын 2 - Их Британи Өмнөд Африкийг өөрийн колони гэж зарлалаа.
    • Хойд Америкийн үндэсний хоккейн лиг албан ёсоор байгуулагдав.
  • Арванхоёрдугаар сарын 4 - Канадын хоккейн алдартай клуб болох Монтриал Канадианс баг байгуулагдав.
  • Арванхоёрдугаар сар 7 - Эрдэмтэн Лео Бейкланд синтетик хуванцар материалыг химийн аргаар нээв. Тэрээр үүнийг АНУ-ын патентын хороонд "Бейкелайт" гэж бүртгүүлжээ.
    • Ирээдүйн ерөнхийлөгч Калвин Күүлидж Массачусетс мужийн Нордэмптон хотын захирагчийн сонгуульд ялалт байгуулж, улстөрийн анхны албан тушаалдаа суув.
  • Арванхоёрдугаар сарын 11 - АНУ-ын Нью-Йорк хотын Медисон Скүэр Гарденд анхны өнгөт киног олон нийтэд үзүүлэв.
  • Арванхоёрдугаар сарын 15 - Дэлхийд алдартай Раддисон сүлжээ зочид буудлын анхны зочид буудал Миннесота хотын Миннеаполис хотын долоодугаар гудамжинд нээгджээ. Анхны зочид буудал 16 давхар, 425 өрөөтэй байсан гэдэг.
  • Арванхоёрдугаар сарын 16 - Никарагуа улсын ерөнхийлөгч Хосе Сантос Зелаяа АНУ-тай үүсгэсэн маргаанаас болж албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.
  • Арванхоёрдугаар сарын 17 - Бельгийн хаан II Леопольд Брюссель хотноо шөнийн 02:35 цагт нас нөгчиж, хаан ширээг түүний бага дүү Альберт залгамжлахаар болов.
  • Арванхоёрдугаар сарын 19 - Германы хөлбөмбөгийн алдартай клубуудын нэг Боруссиа Дортмунд клуб албан ёсоор байгуулагджээ.
  • Арванхоёрдугаар сарын 20 - Ирланд улсад анхны кинотеатр нээгдлээ. Вольта гэж нэрлэгдсэн уг театрыг зохиолч Жеймс Жойс болон түүний бизнесийн хамтрагчид нийлж байгуулж байсан гэдэг.
  • Арванхоёрдугаар сарын 28 - Өмнөд Африк дээгүүрх анхны нислэгийг нисгэгч Альберт Киммерлинг үйлдэв.

Энэ онд төрөгсөд

засварлах

Нэгээс Хоёрдугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 1 - Украины үндэсний удирдагч Степан Бандера (1959 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 4 - Америкийн бизнесмэн Ж.Р.Симплот (2008 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 9 - Мальта улсын анхны ерөнхийлөгч Антони Мамо (2008 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 22 - НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Бирмийн улстөрч Ю Тант (1974 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 26 - Йорданы хаан Талал (1972 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар

засварлах
  • Гуравдугаар сарын 4 - АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн магнат Харри Хельмси (1997 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 22 - Нобелийн шагналт Италийн неврологич Рита Леви-Монталчини (2001 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 30 - Нидерландын хатан хаан Жулиана (2004 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар

засварлах
  • Тавдугаар сарын 1 - Грекийн яруу найрагч, тэмцэгч Йаннис Рицос (1990 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 15 - Британийн нэрт жүжигчин Жеймс Мейсон (1984 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 26 - Шотландын хөлбөмбөгийн алдартай дасгалжуулагч Метт Басби (1994 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 27 - Колумбийн ерөнхийлөгч Гуйлермо Леон Валенсиа (1971 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 7 - Академийн наадам, "Эмми", "Тони" наадмын шагналт жүжигчин Жессика Тенди (1994 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 20 - Австралийн алдарт жүжигчин Эррол Флинн (1959 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 23 - БНХАУ-ын дарга Ли Шиан Ниан (1992 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 6 - Тасманийн арлын 32 дахь сайд Эрик Рийз (1999 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 13 - Лаосын анхны ерөнхийлөгч Суфанувонг (1995 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 18 - ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Андрей Громыко (1989 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 8 - Шинэ Зеландын 9 дэх ерөнхийлөн захирагч Чарльз Литтелтон (1977 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 10 - Цахилгаан гитарыг зохион бүтээгч Лео Фендэр (1991 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар

засварлах
  • Есдүгээр сарын 7 - Туркын нэрт найруулагч Элиа Казан (2003 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 19 - Порше компанийн захирал Фердинанд Антон Эрнст Порше (1998 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 26 - АНУ-ын автомашины алдарт НАСКАР уралдааныг үндэслэгч, бизнесмэн Билл Франц (1992 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 10 - Америкийн зохиолч Макс Симон Эрлих (1983 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 28 - Британийн зураач Френцис Бекон (1992 онд нас барсан)

Арваннэгээс Арванхоёрдугаар сар

засварлах
  • Арваннэгдүгээр сарын 22 - Оросын нисдэг тэрэг зохион бүтээгч Михайль Мил (1970 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 9 - Америкийн нэр жүжигчин Дуглас Фейрбанкс (2000 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 14 - Нобелийн шагналт Америкийн генетикч Эдуард Лоури Татум (1975 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 27 - Польшийн ерөнхийлөгч Хенрик Яблонски (2003 онд нас барсан)

Энэ онд нас барагсад

засварлах

Нэгээс Зургаадугаар сар

засварлах
  • Нэгдүгээр сарын 15 - Германы Католик ламтан Арнольд Янссен (1837 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 8 - Францын яруу найрагч Катуль Мендэс (1841 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 25 - Испанийн хөгжмийн зохиолч Руберто Чапи (1854 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 14 - Аргентиний 10 дахь ерөнхийлөгч Мигель Анхель Хуарез Сельман (1844 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 10 - Японы зохиолч, орчуулагч Шимей Футабати (1864 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 14 - Бразилийн зургаа дахь ерөнхийлөгч Афонсо Пена (1847 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар

засварлах
  • Долоодугаар сарын 11 - Америкийн одон оронч, математикч Саймон Ньюкомб (1835 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 14 - Зохион бүтээгч, инженер Уиллиам Стенли (1829 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 27 - Унгарын уран барималч Гилья Донат (1850 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 26 - Японы ерөнхий сайд Ито Хиробуми (1841 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 9 - Английн уран зураач Уиллиам Пауэль Фрит (1819 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 18 - Хаант Оросын угсаа залгамжлах хунтайж Михайль Николаевич (1832 онд төрсөн)

Энэ оны Нобелийн шагналтнууд

засварлах

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хороо энэ жил дараах хүмүүст шагнал гардуулахаар болжээ. Физикийн салбарын Нобелийн шагналыг дараах хоёр эрдэмтэнд хуваан өгөхөөр болсон байна. Радио үелзлийн процессыг тогтоож, Марконигийн хууль боловсруулсных нь төлөө Италийн эрдэмтэн Гугльелмо Марконид, Радио болон телевизийн технологийн судалгаанд гавьяа байгуулсных нь төлөө Германы эрдэмтэн Карл Фердинанд Браун нарт Нобелийн шагнал гардуулжээ. Химийн салбарын Нобелийн шагналыг химийн урвал, өөрчлөлтийг судласных нь төлөө Германы химич Фридрих Вильгельм Оствальдад олгожээ. Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг мэс заслын судалгаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Швейцарийн физикч Эмиль Теодор Кохерт өгчээ. Нобелийн уран зохиолын шагналыг хүүхэд багачуудад уранзохиолоор нөлөө үзүүлснийг нь үнэлэн Шведийн хүүхдийн зохиолч Сельма Лагерлофт олгосон юм. Харин Нобелийн Энхтайвны шагналыг Олон улсын арбитрын шүүх байгуулах үйлсийг нь үнэлэн Белгийн 14 дэх ерөнхий сайд Августе Бернерт, мөн арбитрын шүүх байгуулах судалгаанд оролцсоных нь төлөө францын улстөрч Пауль Анри Константад хуваан олгосон байна. Ингээд Нобелийн шагналтнуудыг танилцуулъя.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Гугльелмо Маркони, Фердинанд Браун
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Вильгельм Оствальд
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал - Эмил Теодор Кохер
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Сельма Лагерлоф
  • Нобелийн энхтайвны шагнал - Августе Мари Франсуа Бернерт, Пауль Анри Бенжамин Эстурнель де Констант


Гадаад холбоос

засварлах
  Commons: 1909 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  NODES