Интернэт (англ. internetwork гэсэн үгнээс бүтсэн нийлмэл үг бөгөөд inter - “хооронд, дунд”; network - “сүлжээний алба” буюу товчоор “сүлжээ”) гэдэг нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ бөгөөд энэхүү сүлжээ нь дэлхий даяар тархсан байдаг. Үндсэндээ интернэтийг "сүлжээнүүдийн сүлжээ" хэмээн нэрлэж болох ба уг сүлжээнд хот хоорондын, академик, бизнес болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд багтсан байна. Интернэт гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. Интернэт

  • бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээ
Интернэтийн нэг хэсгийн дүрслэл
  • хамтын харилцаа холбоо
  • мэдээлэл дамжуулах зам ба асар их баялаг, нөөц боломжууд
  • 2 ба түүнээс дээш тооны компьютеруудын холболт юм.

Интернэт анх АНУ-ын цэрэг дайны тагнуулын зориулалтаар 1969 онд байгуулагдсан нь ARPANET сүлжээ бөгөөд 1980-аад оны үед INTERNET, MILNET хэмээн хуваагдаж, INTERNET-ийг 1990 оны үед хүйтэн дайны уур амьсгал намжсантай холбогдуулан АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтийн мэдээллийн сүлжээ болгон ашиглах шийдвэр гарсан гэдэг. Өнөөдөр интернэтийг мэдээллээ түгээх, мэдээлэл авах зорилгоор вэб сайт байрлуулах, хоорондоо харилцах зорилгоор электрон шуудангийн гэсэн хоёр үндсэн хэлбэрээр ашиглаж байна. Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үеэс л интернэтийг үүссэн гэж тооцдог аж. Энэ үед хоёр компьютерийг хооронд нь нэг дамжуулагчаар холбодог байв. Ингээд нэг компьютер нь нөгөө компьютертээ мэдээлэл дамжуулж ”ярихын” тулд эхлээд ярих зөвшөөрөл гуйсан дохио-мэдээ дамжуулна. Хэрэв нөгөө компьютер нь завгүй байвал ”Би чөлөөгүй байна. Хүлээнэ үү” гэсэнтэй ижил хариу өгнө. Хоёр компьютер дээр ижил програм ажиллаж бие биенийгээ юун тухай ярьж байгааг хоёулаа мэддэг тул компьютерээс компьютерт өгөгдөл дамжуулж болдог байв. Энэ бол хамгийн хялбар тохиолдол байсан юм. 1980 оноос эхлэн улс болон олон улсын компьютерийн сүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернэт” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ.

Холболт

засварлах

Өртөө (Router)нь интернэтийн гол зангилаа цэгүүд дээр байрлуулсан тусгай төхөөрөмж юм. Олон зуун замын уулзвар дээр байрласан өртөө лүгээ адил ажилладаг болохоор нь өртөө гэж орчуулж нэрлэхээр шийдсэн юм. Өртөө нь таны компьютерээр дамжуулж байгаа илгээмжээс очих хаягийг уншаад зөв чиглэл рүү нь цааш дамжуулах үүрэгтэй байдаг. Зарим үед таны илгээмж хэд хэдэн өртөөгөөр дамжиж байж очих газартаа хүрдэг юм.

Холболт (Connections). Нэг хэрэглэгчийг нөгөө хэрэглэгчтэй хэрхэн холбож байгааг тодорхойлсон нэр томъёо юм. Энгийн хэрэглэгчийн хувьд найдвартай сайн холбоо байдаг гэдгийг мэдэх нь хангалттай юм. Иймд интернэтийн холболтын асуудлыг дэлгэрүүлж ярихгүй үлдээе.

Дээр үзсэн хоёрхон компьютертэй систем нь маш энгийн хялбар тохиолдол юм. Интернэтэд хоёр компьютерийг холбосон дамжуулагч утасны оронд хэдэн арван компьютер оролцсон байж болох холболт байдаг байна. Жишээлбэл: Хоорондоо 5000 км шахам зайтай газарт байгаа А ба Б хоёр компьютер хоорондоо ”ярихыг” хүсч байна гэе. А ба Б хоёр компьютерийг холбох зам олон хэсгээс тогтсон байж болно. Нэг компьютерээс дамжуулж байгаа өгөгдөл нөгөө компьютерт хүрэх замдаа 5000 км биш түүнээс хэд дахин их урттай зам туулах шаардлагатай ч байж болно. Гэхдээ энэ бүхэн нь хэрэглэгч бидэнд үнэхээр хамааралгүй, харин миний явуулсан өгөгдөл тэнд хүрнэ гэдгийг л мэдэж, итгэж байхад хангалттай юм.

Интернэт дахь хоёр компьютерийн холбоо

засварлах

Микро процессор зохиогдож хэрэглэгдэх болсон 1980 –аад оны компьютерийн техникийн чухал хөгжилт нь интернэтийн цаашдын хөгжилд мөн нөлөөлсөн байдаг. Энэ үед интернэтэд холбогдсон компьютерийн тоо энэ үеэс өмнө байсан хэрэглэгчдийн тооноос давж гарчээ.

Хүйтэн дайны үеийн эцэс болсон 1990-ээд он нь интернэтээр холбогдох эриний эхлэл болсон гэж тооцдог байна. Цэрэг дайны чиглэлийн холбооны систем, түүний хэрэглэгчид бусад системд ашиглагддаг болсон . Энэ үед л олон улсын хэрэглэгч болон компьютерууд агуулсан өнөөгийн хэлбэрт интернэт орсон юм.

1990-ээд он хүртэл интернэт үндсэндээ текст буюу бичиг хадгалсан, ийм мэдээллийг ашиглуулах систем байсан. Компьютерийн техникт график, зурган мэдээлэл дүрсэлж боловсруулах чадвар сайжирсантай уялдан интернэтэд график, зураг оруулах хэрэгцээ шаардлага гарсан байна. Үүний улмаас янз бүрийн зураг, текст холилдсон баримт бичгийг гипер текст (hyper text) гэж нэрлээд ийм гипер текстийг файлд график хэлбэртэй хадгалах, түүнийг интернэтээр дамжуулах, компьютер дээр үзэж харах, програмын хэрэгсэл зохион хэрэглэх болжээ. Энэ хэрэгслийг HTML (Hyper Text Markup Language – гипер текст үүсгэх хэл) гэж товчлон нэрлэдэг. Ингээд гипер текст дамжуулах механизм –системийг World Wide Web (www - дэлхий дахины тор) буюу товчоор Web гэж нэрэлдэг болжээ. Web гэдэг нь үгчилж орчуулбал аалзны тор гэсэн үг юм. Бид цаашид Web гэдэг үгийг веб гэж кирилл үсгээр бичье. Үнэхээр орчин үед интернэт нь бүх дэлхийг хучисан аалзны шүлсэн тор лугаа адил компьютерийн сүлжээ болж хөгжсөн байна. Интернэтэд байгаа бие даасан шинжтэй нэг өгөгдөл мэдээллийг Веб сайт (web site - веб дахь байрлал) гэж нэрлэдэг. Нэг веб сайт нь ямар нэг хувь хүний оруулсан ганц HTML файл байхаас эхлээд ямар нэг компани эсвэл сургуулийн интернэтэд оруулж тавьсан олон зуун файл байж болно. Веб сайт бүр URL (Universal Resource Locator- эх сурвалжийн универсаль байр заагч) гэж нэрлэдэг интернэтийн хаягаар тодорхойлогддог. Жишээлбэл:

  • http : // www. уahoo.com
  • http://www.google.mn/ гэх мэт хаяглагдсан байдаг. Энэ хаяг нь хэрэглэгчийн веб HTML файл хаана байгааг тодорхойлж өгөх үүрэгтэй байна.

Интернэт дэх мэдээллийн хувьд Веб сайт гэсэн нэр томъёоноос гадна веб хуудас (web page) гэсэн нэр томъёог хэрэглэдэг. HTML –гипер текст бэлтгэх хэл дээр бичсэн компьютерийн файлыг веб хуудас гэнэ. Веб хуудсыг бидний мэддэг ердийн хэвлэсэн бичиг баримтын хуудастай адилтгаж болохгүй. Веб хуудас ямарч хэмжээтэй байж болох боловч практикт ихэнх хүмүүс энэ хэмжээг 800 багана, 400 мөрөөр тогтоож хэрэглэдэг. Эндээс аливаа Веб сайт нь веб хуудаснаас бүтсэн байдаг гэж дүгнэж болно.

Интернэт ямар хэмжээтэй вэ

засварлах

Интернэтийн хэмжээг тодорхойлж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэвэл энэ нь үргэлж өөрчлөгдөж тэлж байдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүр шинэ хүмүүс, шинэ систем нэмэгдэж байдаг. Жишээлбэл 1997 онд интернэтэд 30 сая компьютер холбогдсон бөгөөд түүнд 30 сая веб хуудас мэдээлэл байсны 82% нь Англи хэл дээр бичигдсэн байжээ. Гэтэл 1999 онд 1,000 сая веб хуудас ашиглах боломжтой байгаагийн 60% нь зөвхөн англи хэлээр бичигдсэн байна. Эндээс бид энэ хоёр жилд англиас бусад хэлтэй улс орнуудад интернэт хэрэглэх хүрээ илүү тэлсэн гэж дүгнэж болно. 2003 он гэхэд дээрх тоо 50% болно гэж таамаглаж байгаа юм.

Интернэт-д холбогдох

засварлах

Интернэтэд холбогдох нь хялбархан боловч доорх алхмуудыг хийх шаардлагатай. Үүнд:

Нэгдүгээрт. Өөрийн ажиллаж амьдардаг нутаг дахь, таныг интернэтэд холбож түүний үйлчилгээгээр хангаж өгч чадах ямар нэгэн компанийг сонгож авах хэрэгтэй. Ийм компанийг Internet Service Provider (ISP – интернэтийн үйлчилгээ хангагч) гэж нэрлэдэг. Интернэтээр үйлчлэгч компаниуд үнэ болоод үйлчилгээний чанараараа ялгаатай байж болно. Ингээд ямар нэг ISP-ийг сонгож, үйлчилгээг тохиролцож гэрээ байгуулсан бол хоёрдугаарт компьютер дээрээ тохирох програмын системийг суулгах шаардлагатай болно. Ихэнхи тохиолдолд таны ISP танд тусалж, програмыг суулгаж тохируулга хийж өгдөг. Танд э-мэйл буюу цахилгаан шуудангийн програм болон вебтэй ажиллах ямар нэг програм зайлшгүй шаардагдана. Гэхдээ Монгол улсад бид гол төлөв IBM фирмийн персональ компьютер (PC), түүний програмын орчин Windows системийг хэрэглэдэг учраас энэ системийн Internet Mail (интернэтийн шуудан), Internet Еxplorer (интернэтийн хайгуулчин) зэрэг програм Windows системд суулгагдсан байдаг тул тэнд зохих тохируулга хийхэд хангалттай байдаг юм. Програмтай болсноор интернэтэд хандаж түүнийг ашиглахад бэлэн болно.

Яаж интернэтэд холбогдож ажилладаг вэ?

засварлах

Энэ нь маш энгийн. Гэртээ эсвэл ажлынхаа өрөөнд утас тавиулахад та цахилгаан холбоо компанитай гэрээ хийж, тэд танд утасны нэг шинэ дугаар өгч, таны утасны аппаратыг тэр дугаартай холбож өгдөгтэй адил, ISP компани таны компьютерт нэг дугаар хаяг өгсөн байдаг. Энэ дугаараар таны компьютер ISP компаний сервертэй холбогдож харьцдаг. Иймд интернэтийн ямар нэг програмыг ажиллуулах үед таны компьютер өөрийн дугаарыг эргэдэж, ISP-тэй холбогдсоноор та интернэтэд холбогдох юм.

Интернетэд хийгдэж болох үйлчилгээнүүд

засварлах

Интернэтэд холбогдсон компьютерүүдийг эзэн (Hosts), Үйлчлүүлэгч (Clients) хэмээн хоёр бүлэгт хувааж ангилдаг. Интернэттэй байнгын холбоотой байж онлайн горимд (бусад компьютертэй ярихад үргэлж бэлэн) байдаг компьютер Эзэн болно. Бусад компьютерийг интернэтэд холбох, өөрийнхөө хатуу дискэн дээрх файлыг хүссэн хүнд дамжуулж өгөх замаар файлаар үйлчлэх хоёр үүрэгтэй эзэн компьютерийг сервер (Server -үйлчлэгч) компьютер гэж нэрлэдэг. Харин эзэн биш бүх компьютерийг Үйлчлүүлэгч ангид хамааруулна. Интернэтийн үйлчлүүлэгч компьютертэй хүн бүр

  • Электрон шуудан болох Э-мэйл илгээх
  • Файл татаж авах болон илгээх
  • вебэд хандаж ашиглах
  • Э-мэйл

Э-мэйл нь ямар нэг шуудан програм ашиглан хэн нэгэнд зурвас, захиа бичих болоод түүнийг түгээх хэрэгсэл болгож интернэтийг ашиглах боломж юм. Э-мэйл нь үнэгүй сул үйлчилгээ биш ээ, түүний үнэ нь ISP-д төлж байгаа үйлчилгээний төлбөрт орсон байдаг. Таны илгээсэн захиа таны компьютерээс гарч эхлээд ISP-д очно. Тэндээс эцсийн очих хаягт газар хүртлээ олон өөр эзэн компьютерийг дамжиж болно. Нэг эзэн компьютерээс нөгөөд дамжихад шаардагдах хугацаа нь энэ үед сүлжээ хир зэрэг ачаалалтай байгаагаас хамаарч янз бүр байна.

Файл татах ба илгээх

засварлах

Татах (Download) ба илгээх (Upload) гэдэг нь нэг зоосны хоёр тал шиг салшгүй ойлголт юм. Эзэн компьютерээс таны үйлчлүүлэгч компьютерт файл дамжуулж байгаа бол бид файл татаж байна гэж ярина. Харин эсрэг чиглэлд файл дамжуулахыг илгээх гэж ярина.

Bебэд хандах

засварлах

Веб нь текст мэдээллийг орчин үеийн компьютерийн график (зураг) –ийн боломжтой хослуулсан хамгийн сүүлийн үеийн технологи юм. Төсөөлж болох бараг бүх сэдэвт хамаарсан мэдээлэл Веб дотор орсон байдаг. Иймд интернэтийн тусламжтай энэ мэдээллийг ашиглаж болно. ISP-д залгагдсан тэр үеэс та ажиллахад өөрөөр хэлбэл интернэтийг ашиглахад бэлэн болдог. Юунаас эхлэх вэ? Гэсэн асуулт гарч ирнэ.

Вебтэй ажилладаг програмуудыг Web Browser- веб үзүүлэгч гэж нэрлэнэ. Ийм програм нь далайн давалгаан дээр гулгаж, нэг давалгаанаас нөгөө давалгаанд шилжин очиж байгаа адил вебийн нэг байрнаас нөгөө байранд шилжиж хэрэгтэй байрлал- мэдээлэлд таныг хүргэх зориулалттай байдаг. Ийм учраас бид цаашид (давалгаан дээр гулгах адил) веб дээр гулгах гэсэн үг хэрэглэе. Вебтэй ажилладаг ямар ч програмыг ажиллуулж эхлэхэд нэг тодорхой веб хуудсыг автоматаар шууд үзүүлдэг. Өөрөөр хэлбэл интернэт дэхь тодорхой нэг байранд таныг аваачдаг гэсэн үг юм. Энэ байрыг танд эсвэл таны ISP-ид зориулан тохируулж сонгож авдаг. Жишээлбэл: Та ямар нэгэн их сургуульд ажилладаг бол веб програм эхлүүлэхэд тус сургуулийн веб хуудас гардаг байхаар тохируулж болно. Веб дээр гулгах үед олон сая вебээс очих веб ээ сонгож болно. Тэгэхдээ та хэрэгтэй сайтынхаа URL хаягийг мэдэж байх ёстой. Энэ тохиолдолд тэр байранд очих ялгаатай хоёр арга байдаг.

Интернэт Монголд

засварлах

1994 оноос Датаком ХХК нь Монгол улс имэйлийн үйлчилгээг эхлүүлэн сүлжээний холболтыг эхлүүлж, улмаар 1996 оны 1 сарын 17ны өдрөөс Монгол улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон юм. Тухайн үед 500 гаруй интернэт хэрэглэгч бүртгэлтэй байсан бол өнөөдөр 2016 оны 5-р сарын байдлаар Монгол улсын хүн амын 70% гаруй хувь нь интернэт сүлжээ ашиглаж байна. Нийт интернэт хэрэглэгчдийн 81% хувь нь хөдөлгөөнт интернэт сүлжээ буюу гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс холбогдож байна.

Гадаад холбоос

засварлах
  NODES
Intern 8
languages 1
os 3
server 1
text 2
web 7