Модун шаньюй

модун

Модун шаньюй (Хятад үсгээр: 冒頓單于/冒顿单于; эртний хятад хэлээр (НТӨ 220 он): *mouᴴ-tuən, *mək-tuən, НТӨ 234 оны орчим - 174 оны орчим) (бас Маодунь, Модэ гэх мэтээр бичдэг) нь Түмэнгийн хүү бөгөөд Хүннүгийн эзэнт гүрний үүсгэн байгуулагч байв. Тэр НТӨ 209 онд эцгийгээ хороохыг өөрийн эрчүүдэд тушааснаар засгийн эрхэнд гарч ирсэн.

Модун шаньюй
Хүннүгийн эзэнт гүрний шаньюй
ХаанчлалНТӨ 209-174
Хаан суусанНТӨ 209
Төрсөн огнооНТӨ 234
Өнгөрсөн огнооНТӨ 174
ӨмнөхТүмэн шаньюй
УдаахЛаошан шаньюй
ЭцэгТүмэн
Ургийн овогСюйляньди
Төрсөн нэрМодун

Модун НТӨ 209 оноос НТӨ 174 онд засаглажээ. Тэр өөрийн эцэг Түмэнгийн доорх цэргийн удирдагч, дараа нь Монголын өндөрлөгт тулгуурласан Хүннүгийн эзэнт гүрний шаньюй байв. Тэрээр НТӨ 215 онд Мэн Тянийн командалсан Цинийн зэвсэгт хүчний халдлагад Хүннүгийн бэлчээр нутаг алдагдсаны хариуд Монгол-Манжуурын тал нутгийн овог аймгуудыг амжилттай нэгтгэн хүчирхэг Хүннүгийн эзэнт гүрнийг байгуулж, хаан ширээгээ бэхжүүлжээ. Модун морь унан явж, улмаар цэрэгжих үйл явцад ахиц гаргаж, Хүннүгийн хүчийг үр дүнтэй төвлөрүүлж байх үед НТӨ 210 онд анхны эзэн хааны үхлийн хамт Цинь улс эмх замбараагүй байдал руу түргэнээр унасан явдал нь Хүннүгийн эзэнт улсаа өөрийн цаг үеийн том гүрнүүдийн нэг болгон өргөжүүлэх чөлөөт эрхийг Модунд үлдээв. Хойд хил нь Байгаль нуурт хүрсэн байхад, эзэнт гүрний баруун хил Памирын уулсад хүрч, зүүн хил нь Ляохэ гол хүртэл сунан үргэлжилжээ.

Модуныг түүний хүү Лаошан залгамжилсан байна.

Түүний нэр Mòdùn (冒頓) (Wade-Giles: Motun) нь хожуу хань хятад хэлээр [mǝk-tuənC], дундад хятад хэлээр [mək-twən] гэж дуудагддаг; нэрийн эртний хятад хэлний дуудлага нь хожим батлагдсан Төв Евразийн соёлын baɣatur (баатар) хэмээх үгтэй холбоотой *baɣtur гэдэг гадаад үгийн дуудлагыг илэрхийлж байж магадгүй. Жерард Клосоны (Gerard Clauson) хэлснээр гарал үүслийн хувьд Хүннү ("Hunnic" (Xiongnu)) хэлний зохих нэр байсан гэхэд бараг маргаангүй bağatur (баатар) гэдэг үгийн гадаад -r-ийг хятад хэлэнд -n-ээр галиглан буулгажээ.

Түүний нэрийг бас Modun (墨頓) ("Ши цзи" дэх Сыма Чжэнийн тайлбараар), Modu (墨毒) ("Хань улсын түүх" дэх Сүн Цигийн тайлбараар) гэж дууддаг ба сүүлийнх нь Пуллиблэнкийн (Edwin G.Pulleyblank) (1999) хэлснээр авиа зүйн хувьд "учир утгагүй".

Гарал үүсэл ба эрх мэдэлд хүрсэн нь

засварлах

Сыма Цяны хэлснээр, Модун авьяаслаг хүүхэд байсан ч түүний эцэг Түмэн эхнэрүүдийнхээ өөр нэгнийх нь хүүг өв залгамжлуулахыг хүсжээ. Өөрийн сонгосон өв залгамжлагчийн өрсөлдөгчийнх нь хувьд Модуныг устгахаар Түмэн залуу Модуныг юэчжи нар руу барьцааны хүн болгон илгээв; тэгээд дараа нь тэр тэд шийтгэл болгон Модуныг хөнөөнө гэсэн найдлагаар юэчжи нар руу дайрчээ. Модун хурдан морь хулгайлан энэ хувь заяанаас зугтаж чадсан бөгөөд түүнийг баатар мэт угтан авсан Хүннүд буцаж ирэв. Энэхүү эр зоригоо харуулсан явдлын шагнал болгон эцэг нь түүнийг 10,000 морьтны захирагчаар томилжээ.

Эрэлхэг зоригтой гэдгээрээ алдаршсан тул Модун туйлын үнэнч дайчдын бүлгийг цуглуулж эхлэв. Тэрээр нисэлтийнхээ үед исгэрэх дуу гаргадаг дохионы сум зохион бүтээсэн ба өөрийн эрчүүдийг нэгэн зэрэг дууны чиглэлд харваж сургасан. Эрчүүдийнхээ үнэнч байдалд итгэлтэй байхын тулд Модун өөрийн хайртай морийг харвахыг дайчдад тушаав, үүнийг хийхээс татгалзсан хэн бүхнийг ёсорхолгүйгээр цаазалжээ. Тэр хожим энэхүү үнэнч байдлын шалгалтыг давтан хийсэн, гэвч өөрийн хайрт эхнэрүүдийн нэгтэй хамт түүний тушаалыг гүйцэтгэхээс тээнэгэлзсэн хүмүүсийг дахин нэг удаа цаазлав. Тэрээр зөвхөн өөрийн үлдсэн дайчдын гарцаагүй үнэнч байдалд итгэлтэй болсон үедээ л ан авд явах үеэр эцгийгээ харвахыг тэдэнд тушааж, түүнийг суман бороогоор хөнөөжээ. Түүний дагалдагчдын хэн нь ч түүний тушаалаар харвах болон эцгийг нь зайлуулахад хүч алдсангүй, Модун өөрийгөө Хүннүгийн шаньюй хэмээн зарлан тунхаглав.

Өөрийгөө шаньюй хэмээн тунхаглаж засгийн эрхэнд гарсныхаа дараа Модун шинээр олж авсан эрх мэдэлд нь аюул занал учруулж болзошгүй хүмүүсийг устгаж эхэллээ. Ийнхүү тэрээр үргэлжлүүлэн өөрийн өрсөлдөгч эцэг нэгт дүү, хойд эх болон засаглалыг нь дэмжихээс татгалзсан бусад хүннү түшмэдийг цаазалжээ.

Хүннүгийн эзэнт гүрний мандалт

засварлах
 
Модуны доорх Хүннүгийн нутаг дэвсгэр ба нөлөөлөл, түүний засаглалын эхэн үед.

Модуны хүннү нарын эзэнт гүрэн газар нутгаа түрэмгий байдлаар хамгаалж, өргөтгөсөн. Тэдний зүүн зүгийн хөрш дунху нар тэдний хооронд байх хүн амгүй газрыг авах хүслээ илэрхийлэхэд Модун тэдэн рүү дайрсанаар хариу үйлдэл үзүүлэв. НТӨ 208 он гэхэд дунху нар ялагдсан ба тэдний үлдэгдэл ухуань, сяньби овгуудад хуваагдсан байна. Модун хойд зүг рүү динлин болон бусад ард түмнийг эрхшээлдээ оруулахаар явсан агаад НТӨ 203 онд юэчжи нарыг ялжээ. Эдгээр байлдан дагуулалтын дараа бүх хүннү ноёд түүнд захирагдав.

Эдгээр ялалтуудын хамт тэрээр хожим Хүннүд их орлого өгсөн чухал худалдааны замуудын хяналтыг олж авах боломжтой болжээ.

Хань улстай дайтсан нь

засварлах

НТӨ 200 онд Хань ван Синь Шофань, Дай мужуудын Маи хотод хүннү нарт бууж өгсөн ба Хань улсын газар нутаг руу дайрахад нь тэдэнтэй нэгдэв. Хань улсын эзэн хаан Гаоцзу тэдний эсрэг армиа удирдсан бөгөөд тэдний хүчийг тараан хаяж, ухрахаас нь өмнө хэд хэдэн удаа тэднийг ялжээ. Дараа нь Хань Синь Чжао Лиг Чжао ван суулгасан ба Гаоцзугийн эсрэг өмнө зүг рүү хөдлөв. Тэд ч бас ялагдсан байна. Өөрийн хараатуудын дээрх Хүннүгийн нөлөөг харсан Гаоцзу тэдэнтэй тулахаар 320,000 хүнтэй хүчирхэг армийн хамт хойд зүг рүү хөдөлжээ. Гэсэн хэдий ч түүний хүмүүс нөөцийн хомсдол болон хүйтнээс хамгаалах хувцас хангалтгүйгээс зовсон тул Гаоцзу тэднийг ардаа үлдээж, ердөө 40,000 хүнтэйгээр Пинчэн рүү давшив. Модун шаньюй үйл явдлын өрнөлийг эргүүлэх өөрийн боломжийг олж харсан ба 400,000 морин цэргээр (Оросын судлаач Л.Н.Гумилёвын тооцоогоор бол 30,000-40,000 цэрэг) хотыг нэн даруй бүсэлж, армийнх нь ард үлдсэн хэсгээс эзэн хааныг тасалжээ. Яагаад гэдэг нь тодорхойгүй ч шаньюй эцэст нь өөрийн хүмүүсийн заримыг буцаан татсан. Сыма Цянь түүний гэргий түүнийг эзэн хааныг зугтахыг зөвшөөрөхийг ятгасан гэдэг санал дэвшүүлдэг. Гэхдээ ямар ч байсан Хань Синийн явган цэрэг цагтаа хэзээ ч ирээгүйгээс хойш удаан хугацааны бүслэлт нь биелэшгүй боломж байх байв. Шаньюйн нимгэн болсон эгнээг харсан Гаоцзу гэнэт дайран гарч, бүслэлтийг хагалжээ. Хань улсын нэмэлт хүч ирэхэд хүннү нар ухрав. Модуны энэ ирэлт Байдыны тулалдаан хэмээх нэрээр нийтэд мэдэгддэг. Гаоцзугийн Хүннүд олзлогдохоос арай гэж зугтсан явдал нь түүнд нүүдэлчин дайсантайгаа энх тайвны гэрээ байгуулах хэрэгтэйг ойлгуулжээ. Тэр шаньюйд "гүнж" (хэцинь (heqin) - энх ургийн гэрээ) явуулсан ба торго, дарс, хүнсний зүйл өргөв. Шаньюй энэ саналыг хүлээн авсан бөгөөд Гаоцзугийн хаанчлалын үргэлжилсэн хугацааны турш жижиг дайралтуудаар өөрийгөө хязгаарлажээ. Хань улс эзэн хааны охидыг явуулахаас зайлсхийх зааврын дагуу Хүннүтэй хэцинь буюу энх ургийн гэрээ байгуулахдаа олон удаа Хань улсын дээд зиндааны гэр бүлийн гишүүд болон "гүнж нар" гэж хуурамчаар нэрлэгдсэн, хоорондоо холбоогүй жирийн эмэгтэйчүүдийг тохиолдлоор явуулж байв.

Хятад дахь цэргийн ажиллагааныхаа дараа Модун Хүннүгийн хараатууд болохыг усунь, юэчжи нарт хүчээр тулгажээ.

НТӨ 195 онд Янь ван Лу Вань Хань улсын жанжин Чжоу Бод ялагдсаныхаа дараа Хүннү рүү зугтав.

НТӨ 178 онд хүннү нар Ганьсу болон Таримын сав газар дахь юэчжи, усунь нарыг эзэлжээ.

Модун НТӨ 174 онд нас барсан ба түүний хүү Цзиюй өв залгамжилж, Лаошан шаньюй болсон байна.

Люй Чжи хатанд тавьсан гэрлэлтийн санал

засварлах

НТӨ 192 онд өтөл настай хатан Люй Чжи (Хань улсын эзэн хаан Гаоцзугийн бэлэвсэн хатан) Модунаас гэрлэлтийн санал хүлээн авав, түүнийг сүрдүүлсэн, доромжилсон утгатай захидалд дараах байдлаар бичжээ:

Би намаг балчигт төрж, мал сүрэг үржсэн тал газарт өссөн ганцаардсан захирагч. Би танай хилд олон удаа очсон бөгөөд Хятадаар аялахыг хүсэж байв. Эрхэм та одоо ганцаараа, тусгаарлагдмал байдалд амьдарч буй. Тэр үеэс хойш бидний аль аль нь аз жаргал байхгүй бөгөөд өөрсдийгөө зугаацуулах юу ч үгүйд би өөрийн эзэмшдгийг хэрэглэн танд дутагддагийг орлохыг хүснэм.

Бүдүүлэг саналд нь Люй Чжи ухаангүй уурласан байсан ба халуухан өрнөсөн ордны зөвлөлгөөн дээр түүний жанжид арми цуглуулж, Хүннүг нэн даруй устгахыг түүнд зөвлөв. Тэр дайн зарлах гэж байтал Цзи Бу хэмээх нэртэй илэн далангүй түшмэл Хүннүгийн арми хятадуудаас илүү их хүчирхэг болохыг онцолжээ. Цзи Бугийн үгэнд ордон тэр даруй аймшигт нам гүм байдал руу уналаа. Төлөвлөгөөгөө эргэж нягтлахад, Люй Чжи Модуны саналыг дараах байдлаар даруухан няцаав:

Эзэнтэн та манай газрыг мартаагүй бөгөөд бидэнд захидал бичсэнд бид эмээнэм. Би өөрийгөө хадгалж үлдэхийн тулд ухармуй. Би хөгшин, сул дорой, үс, шүдээ алдаж, явахдаа тэнцвэрээ барих гэж чармайдаг. Эзэнтэн та буруу сонссон байна, та өөрийгөө гутаах хэрэггүй. Манай ард түмэн таныг гомдоогоогүй бөгөөд өршөөгдөх ёстой болов уу. Бидэнд эзэн хааны хоёр сүйх тэрэг болон найман сайн морь байна, эзэнтэн танд эдгээрийг найрсаг ёсоор өргөнөм.

Гэсэн хэдий ч тэрээр хүннү овгийн удирдагчдад "гүнж нар" гэгддэг эмэгтэйчүүдийг өгөх гэрлэлтийн хэцинь бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн ба хоёр талын хоорондох амар амгалан байдлын төлөө Хүннүд алба гувчуур төлжээ.

Хүннүгийн мандалтын дүн шинжилгээ

засварлах

Никола Ди Космогийн хувьд үйл явдлын дарааллыг нэгтгэн дүгнэхэд, Ордосын өндөрлөг (Шар мөрний тохой дахь бүс нутаг) дэх Цинийн довтолгоо нь сул задгай Хүннүгийн холбооны доторх удирдлагын хямралтай зэрэгцэн иржээ. Модун Цинийн довтолгооны хариуд гарч ирсэн Хүннүгийн цэрэгжих үйл явцын давуу талыг барьж авсан бөгөөд өөрийн эзэнт гүрнийг үүсгэх боломжийг олгосон шинээр төвлөрсөн улс төрийн бүтцийг чадварлаг бий болгов. Түүнд Цинь улсын хурдан уналт болон Хань улсад эхэндээ бие даасан "вант улсууд" байгуулагдсан нөхцөл байдал тусалж байсан, Хань Синь шиг удирдагчид хүннү нартай холбоотон болж, эсрэгээрээ Хань улс руу дайрч болзошгүй байлаа. Хань улсын сул тал нь Модун ба түүний залгамжлагчдыг тансаг хэрэглээний зүйлийн тогтвортой урсгал болон тэднийг дэмждэг язгууртнууд руу доош нь дамжуулж өгөх боломжтой үндсэн алба гувчуураар хангасан гэсэн үг юм. Тэрхүү алба гувчуургүйгээр хүннү нар эрх мэдлээ хадгалж, өргөжүүлэх боломжтой болохгүй байх магадлалтай.

Хожмын домгууд

засварлах

Кристофер И.Беквит (Christopher I.Beckwith) залуу Модуны түүх нь залуу баатар орхигдож, эрэлд явж, өөрийн чадварыг үзүүлж, итгэл хүлээсэн хамтран зүтгэгчдийн бүлгийг олж, улс гэртээ эргэн ирж, хүчирхэг хүнийг дарж, хаан болдог ардын үлгэрүүдийн өргөн тархсан хэв маягтай төстэйг онцолсон байна.

Модуны нэрийг огуз түрэгүүдийн домгийн өвөг дээдэс Огуз хаантай холбодог. Үүний шалтгаан нь Түрэг-Персийн уламжлал дахь Огуз хааны намтар (Рашид ад-Дин Хамадани, Хусейни Исфахани, Абульгази Бахадур) Иакинфын анх анзаарсан (Тайлангуудын эмхэтгэл (Compilation of reports), хуудас 56-57) хятад эх сурвалж дахь Модуны намтартай (эцэг, хүүгийн хоорондох дайсагнал ба түрүүчийнх нь аллага, байлдан дагуулалтуудын чиглэл болон дараалал гэх мэт) гайхалтай ижил төстэй байгаа явдал болно.

Өөр нэг санал бол түүнийг унгаруудын хааны овог мажар-ын нэртэй, мөн тэдний алс холын хамаатан садан, одоо устаж үгүй болсон маторуудтай холбодог. Модуны нэрийн тухайд "Болгарын хаадын нэрсийн дэвтэр"-т ("Nominalia of the Bulgarian Khans") дурдсан вихтунь нэр түүний нэрийн эртний хятад дуудлага 冒頓 (*mək-tuən)-тай тохирдог ба түүний овог Дуло нь Хүннүгийн эрх барих овог 屠各 Tuge-тэй (Эртний хятад хэлээр d'o-klâk) холбогддог. Бас Янош Туроцийн (Johannes de Thurocz) "Унгаруудын он тооллын бичиг" ("Chronica Hungarorum") дэх угийн бичигт Аттилагийн өвөг дээдэс гэж гардаг Beztur-ыг түүний нэр гэж үздэг.

Үлдсэн өв

засварлах
 
Модуны (Мете хаан) цээж баримал, Пинарбаши дахь "Пантүрэгийн хөшөө дурсгалын цогцолбор"-ын ("Monument of Turkishness") хэсэг, Кайсери, Турк

Модун шаньюйг бас түрэг хэлүүдэд хааяагүй Мете хаан (Mete Khan) (ялангуяа турк хэлэнд Mete Han) гэдэг.

Туркийн хуурай газрын зэвсэгт хүчин НТӨ 209 он дахь түүний ноёрхлын эхлэлийг өөрийн бэлгэдлийн үүсгэн байгуулсан огноо гэж үздэг.

Мөн үзэх

засварлах
Өмнөх
Түмэн шаньюй
Хүннү гүрний шаньюй
НТӨ 209-174
Дараах
Лаошан шаньюй

Гадаад холбоос

засварлах
  NODES