Саван гэдэг нь аливаа зүйлийг цэвэрлэж ариутгадаг, өөхний хүчлийн шүлт юм. Саванг гаргаж авдаг байсан уламжлалт арга нь амьтан болон ургамлын гаралтай тосон дээр натрийн шүлтийг хольж, хэвэнд хийж, 1-3 өдөр байлган саванжуулсны дараа хэвнээс нь гаргаж, 4-6 долоо хоног хатааж гарган авах арга байжээ.

Харин XX зууны эхэн үед энэхүү бэлэн болсон савангаас глицеринийг ялгаж авах аргыг нээсэн юм. Ийнхүү ялгаж авсан глицеринээ тухайн үед улс орнуудад нэн шаардлагатай байсан тэсрэх, дэлбэрэх бодисын гол бүрэлдэхүүн болох нитроглицеринийг гарган авахад ашиглаж байснаас гадна нүүр гарын тос, шампунь зэрэг бүтээгдэхүүний найрлагад оруулж, илүү үнээр борлуулах эрмэлзэлтэй болсон байна.

Глицеринийг нь ялгаж авсан гар хуурайшуулдаг зүйлээ саван болгохын тулд дээр нь өнгө, үнэр оруулах, хөөсрүүлэх нөлөө бүхий хямд өртөгтэй химийн бодисуудыг нэмж, саванг олноор нь үйлдвэрлэж, хямд үнээр борлуулах болсноор гар аргаар хийдэг савангуудыг зах зээлээс түлхсэн юм.

Гэвч өнөө үед дэлхий нийтээрээ химийн найрлагатай бүтээгдэхүүний хэрэглээнээс аль болох татгалзаж, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнийг дээдэлж, үйлдвэрийн аргаар массаар хийсэн бус цөөн тоогоор, гар аргаар хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрмэлзэж эхэлж байна.

  NODES
Done 1