Сумалагу
Сумалагу (хятадаар: 苏麻喇姑; пиньинь: Sūmálàgū; монголоор: Sumal) (1615 – 1705) буюу Сумала нь Манж Чин гүрний Бумбутай хатны шадар туслах, Эеэр засагч хаан, Энх амгалан хаан, лү чин ван Юньтао нарын өрлөг эх, сурган хүмүүжүүлэгч юм. Монголын Хорчин аймгийн хүн.
Товч намтар
засварлахСумал гэдэг нь монгол хэлээр ноосоор нэхсэн тариа будаа агуулах өрмөг уутыг[1] хэлдэг бөгөөд, манж хэлэнд Сумала[2] гэж бичих хэдий ч утга нь ижилхэн байдаг. Харин гу (姑) гэдэг нь хятадаар настай эмэгтэй хүнийг дуудах авгайлах үг. Нийлүүлж хэлбэл Сумала эгч гэсэн үг юм.
Сумала нь хорчин аймгаас Бумбутай хатныг дагаж манжийн хааны ордны авхай болж ирээд хатны ойрын шадар туслах нь болжээ. 1636 онд Дээд эрдэмт хааны зарлигаар манжийн хаад ноёд, хатдын хувцас малгай, тэдгээрийн хээ чимэглэлийг урлахад Сумала оролцжээ. Тэрээр Эеэр засагч хаан, Энх амгалан хааныг өсгөн хүмүүжүүлэн, улмаар 1687 онд Бумбутай хатныг өөд болсны дараа Энх амгалан хааны 12-р агь Юньтаог төрснөөс нь хойш өсгөн хүмүүжүүлж, нас барах хүртлээ амьдарч байсан. Сумала нь Чин гүрний түүхэнд хааны угсааных биш хэрнээ гэгэ цол хүртсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Учир нь гэгэ цолыг зөвхөн манжийн хааны охид гүнж нар хэрэглэж байсан. 1705 онд 90 настайдаа өөд болоход нь Чингийн зүүн бунханд татвар эмийн ёсоор оршуулсан нь тэрээр хааны гэр бүлд онцгой байр суурь эзэлж байсныг харж болно.
Кино урлагт дүрсэлсэн нь
засварлахОн | Киноны нэр | Жүжигчин |
---|---|---|
1987 | Ман Чин ши сан хуан чао (滿清十三皇朝) | Жоу Мэйлин |
1993 | Канши дади (康熙大帝) | Жу На |
2001 | Энх амгалангийн төр | Ру Пин |
2002 | Сяожуань миши (孝庄秘史) | Ху Жин |
2018 | Сумоэр чуань ци(苏茉儿传奇) | Ду Руоши |
Эшлэл
засварлах- ↑ https://mongoltoli.mn/dictionary/detail/79520
- ↑ H.Kuribayashi, Hurelbator. Manchu-Mongolian-Chinese Triglot Dictionary of 1780. Arranged by Manchu Words. (CNEAS Monograph Series No.30). Sendai. 2008. pp.457