'Халуун хумхаа' (lang-en Malaria) өвчин нь цусны улаан эсэд халдварладаг Plasmodium гэж нэрлэгддэг шимэгчээр (паразит) үүсгэгддэг халдварт өвчин юм. Илрэх шинж тэмдэг:Үечилсэн халууралт, хөлрөлт, бие жихүүцэх. Халуун хумхаа өвчин маш эрт үеэс тэмдэглэгдэж ирсэн байдаг. Mal-аria-Италиар "муу агаар" гэсэн нэрийг анх 1740 онд H.Walpole хэмээх хүн анх энэ өвчний тухай бичихдээ хэрэглэжээ. Хожим энэ 2 үг нийлэн Malaria болсон байна. 1880 онд энэ өвчний үүсгэгч паразитыг C.Laveran анх хүний цусанд илрүүлсэн билээ. Харин халуун хумхаагийн үүсгэгчийг шумуул дамжуулдаг болохыг 1889 онд Рональд Росс нээжээ. Дөрвөн зүйлийн халуун хумхаа үүсгэгч байдгаас хамгийн аюул ихтэй, үхэлд хүргэдэг нь Plasmodium falciparum юм. Бусад гурван зүйл нь P. vivax, P. malariae, P. ovale ерөнхийдөө аюул багатай, үхэлд хүргэх нь цөөн байдаг.

Халдварлах зам

засварлах

Паразитуудын нэг хүнээс (эсвэл амьтнаас) нөгөөд халдварлаж өвчлүүлэх процессийг "амьдралын мөчлөг" гэж нэрлэх бөгөөд халуун хумхаа үүсгэгчийн амьдралын мөчлөг нь нэлээд нарийн процесс байдаг. Үүнд хүн, эм шумуул (Anopheles төрлийн шумуул) хоёр оролцдог. Үүсгэгчээр халдварласан Anopheles төрлийн эм шумуул (зөвхөн эм шумуул цус сордог) хүнийг хазах үед шумуулын шүлстэй хамт цусанд орж, паразит хүнд халдварладаг. Шумуул цус сорохдоо эхлээд шүлсээ шахдаг. Шүлс нь цусны бүлэгнэлтийг багасгаж, судсыг тэлж цус сорох үйл явцыг хөнгөвчилдөг. Цусанд орсон паразитууд элэгний болон цусны улаан эсэд халдварлаж, үржиж олширдог. Халдвартай хүний шумуул цусыг сороход паразит шумуулын биед дамжиж шүлсний булчирхайд нь нэвтэрдэг. Энэхүү шумуул дахин эрүүл хүний цусыг сорохдоо паразитыг дамжуулдаг (Шумуул амьдралынхаа турш хэд хэдэн удаа цус сорж болно).

Тархалт

засварлах

Хэдийгээр Монголд халуу хумхаа байдаггүй ч Африк, Өмнөд Америк, Азийн зарим орнуудад өргөн тохиолддог. Ойролцоогоор 100 орчим оронд халуу хумхаагийн өвчлөл гардаг бөгөөд дэлхийн нийт хүн амын 40% нь өвчлөх эрсдэлтэй байдаг гэсэн тооцоо бий.

Шинж тэмдэг

засварлах

Халуун хумхаагийн гол шинж тэмдгүүд нь халуурах, дагжих, толгой өвдөх, бие сулрах, булчин өвдөх зэрэг шинжүүд байдаг. Зарим өвчтөнүүдэд дотор муухайрах, бөөлжих, ханиалгах, суулгах зэрэг шинжүүд илэрдэг. Бие жихүүцэх, халуурах, хөлрөх шинжүүд нэг, хоёр эсвэл гурван өдрийн мөчлөгтэйгээр давтагдан үргэлжилдэг өвөрмөц онцлогтой. Элэгний болон цусны улаан эс задарсантай холбоотойгоор нүдний салст, арьс шарлах шинжүүд илэрч болдог. Хүнд хэлбэрийн халуун хумхаагаар (P. falciparum malaria) өвчилсөн хүмүүст цус алдах, ухаан алдах, элэг бөөрний дутагдал, мэдрэл хордлогын шинжүүд илэрч үхэлд хүрэх нь цөөнгүй. Мөн тархины халуун хумхаа (Cerebral malaria - комд орох, татаж унах, сэтгэцийн өөрчлөлт гарах шинжүүдээр илэрдэг) хүнд хэлбэрийн үед тохиолддог. Хэрэв хүнд хэлбэрийн хумхааг яаралтай эмчлэхгүй бол үхэлд хүргэх аюултай. Эмчилгээ хийгдсэн тохиолдолд ч өвчлөгсдийн 15-20 хувь нь нас бардаг. Шумуулд хазуулсанаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа (нууц хугацаа) ихэвчлэн 7-21 хоног. Гэвч өвчний эхлэх хугацаа янз бүр, бүр 4 хоногоос 1 жил хүртэл үргэлжилдэг болохыг мэдээлсэн байдаг. Урьдчилан сэргийлэх зориулалттай эмийг буруу хэрэглэсэн тохиолдолд нууц хугацаа ихээхэн уртасдаг. Мөн зарим хэлбэрийн халуун хумхаа (P. vivax and P. ovale)-ны нууц хугацаа 8-10 сар хүртэл хугацаагаар үргэлжилж болдог. Энэ хугацаанд паразитын үржил явагдахгүйгээр элэгний эсэд идэвхгүй хэлбэрээр нуугдмал байдалд хадгалагдаж байдаг. Эмчилгээний дараа эдгээр үүсгэгчид дахин идэвхжин өвчин үүсгэж чадах ба үүнийг дахилтат халуун хумхаа гэж нэрлэдэг.

Оношилгоо

засварлах

Дээр дурдсан шинжүүд илэрсэн, халуун хумхаа тархсан орнуудад аялсан тохиолдолд халуун хумхааг сэжиглэж болно. Халуун хумхаагийн шинжилгээ байнга хийгддэггүй манай оронд гадаадад аялсан эсэх талаарх асуумж оношилгоонд чухал ач холбогдолтой. Хамгийн өргөн хэрэглэгддэг оношилгооны арга бол цусны түрхцийг будаж, улаан эс доторх үүсгэгчийг илрүүлэх арга юм. Гэвч энэ шинжилгээг хийж үнэн зөв үр дүн гаргахад лабораторийн эмч, ажилтны дадлага, туршлага шаардлагатай. Үүнээс гадна илүү хурдан хялбар шинжилгээний аргууд байдаг ч шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэгдэх урвалж бодис өндөр үнэтэй байдаг зэргээс шалтгаалаад төдийлэн хийгддэггүй.

Эмчилгээ

засварлах

Эмчилгээнд гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. Ямар зүйлээр үүсгэгдсэн (дөрвөн зүйл дурдсан), өвчтөний байдал (жишээ нь хүүхэд, том хүн, жирэмсэн, хүнд эсвэл хөнгөн хэлбэрийн халуун хумхаа), үүсгэгчийн эмэнд дасалтай эсэх нь эмчилгээнд чухал. Халдвар авсан орон, бүс нутгийг нь харгалзан ямар эмэнд дасалтай болохыг нь мэдэж болно. Эмийн дасал бүс нутаг бүрээр харилцан адилгүй байдаг. Эмчилгээнд хэрэглэгдэх эмийг халуун хумхаагийн үүсгэгчид тохируулан сонгож, тунг тогтоодог.

Хөнгөн хэлбэрийн үед эмийг ууж хэрэглэж болдог. Харин хүнд хэлбэрийн үед (ухаан санаа саруул бус, ком, хүнд цус багадалт, бөөрний дутагдал, уушгины хаван, амьсгалын дутагдал, шок, цусны бүлэгнэлт ихэссэн, цус алдсан, цустай шээх, шарлалт зэргийн аль нэг илэрсэн тохиолдолд хүнд гэж үзнэ) судсаар тарьж эмчилнэ. Эмийн эмчилгээний үр дүн харилцан адилгүй байдаг. Chloroquine phosphate халуун хумхаагийн эмчилгээнд өргөн хэрэглэгддэг. Үүсгэгч Plasmodium falciparum, P. vivax and зарим P. ovale- нь chloroquine-д дасалтай болох нь тогтоогдоод байна. Дасалтай болох нь тогтоогдсон (цөөн лабораторт эмийн дасал тодорхойлж байна), эсвэл эмчилгээ төдийлэн үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд олон эмийн хавсарсан эмчилгээг хийдэг. Жишээ нь Quinine sulfate + Доксициклин эсвэл Тетрациклин эсвэл Клиндамицин зэргээр олон эмийн хослолыг ашигладаг.

Урьдчилан сэргийлэх

засварлах

Халуун хумхаа тархсан орнуудад аялахаар төлөвлөж байгаа хүмүүст урьдчилан сэргийлэх тунгаар хумхаагийн эсрэг эм уухыг зөвлөдөг (жишээ нь chloroquine, mefloquine). Ялангуяа хүүхдийг урьдчилан сэргийлэх асуудал маш чухал. АНУ-ын Өвчнийг хянах, сэргийлэх төв (CDC-Centers for Disease Control and Prevention) аялагчдад нэгээс хоёр долоо хоногийн өмнө болон буцаж ирснээс нэг сарын дараа эм уухыг зөвлөж байна. Хэдийгээр судалгаа туршилт эрчимтэй явагдаж байгаа хэдий ч энэ өвчнөөс сэргийлэх вакцин одоогоор алга байна. Ялангуяа хүүхдийг урьдчилан сэргийлэх асуудал маш чухал. Мэдээж шумуулд хазуулахаас сэргийлэх, зөв хувцаслах, үргээгч тос бусад бүтээгдхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Цонхны тор, орны тор, үргээгч шүршдэг бодисыг шөнө хазуулахаас хамгаалж хэрэглэдэг.

  NODES
Done 1