Юэжчи
Хүннү гүрнээс өмнөх үеийн энэтхэг-европ хэлт угсаатан
НТӨ III зууны сүүлчээр цэцэглэн мандаж байсан Юэчжи (月氏, 月支, 禺氏) бол энэтхэг-европ хэлний Тохар хэлний бүлэгт багтдаг эртний сурвалжит ард түмэн. Эртний грекийн Страбоны (НТӨ 64/63 - НТ 24) “Газарзүй”-д Яксарт (Сырдарья)-ын нөгөө эрэгт Асии (Άσιοι), Асиани (’Ασιαοί, Пасиани), Тохар (Τόχαροι), Сакараули (Σακάραυλοι) гэсэн скиф аймгууд нутаглана, грекчүүдээс тэд Бактриг булааж авсан гэж тэмдэглэжээ. Мөн Птоломейн (100-170) “Газарзүй”-д Яксартын умардад Ятии (’Ιατιοι), Тохар (Τάχοροι), Сакараули (Αύγαλοι) нутагладаг гэж бичсэн. Энэ хоёр мэдээний Асии, Ятии-г эрдэмтэд Юэчжи мөн гэж үздэг. Эртний хятад сурвалжийн мэдээгээр НТӨ III-II зууны үеийн Юэчжийн гол нутаг нь Цилянь уулаас (38º25' х.ө., 100º15' з.у. орчим) Дуньхуан хүртэл байжээ. Тангийн үеийн сурвалжийн мэдээгээр энэ нь Лян (Увэй), Гань (Чжан Е), Су (Цзюцюань), Янь (Аньси), Ша (Дуньхуан) тойргийн нутаг юм. Юэчжийн эрхшээлд Ганьсугаас Шинжаан хүртэлх өргөн уудам нутагт оршиж байсан Лоулань (Шаньшань, Крорайна), Чэши, Гуйцы (Куча), Яньци (Арги, Карашар) зэрэг хот улсууд, Усунь (Асиани), Хуцзе, Бага Юэчжи, Сак зэрэг том жижиг олон овог, аймаг багтаж байв. НТӨ 207-204 оны орчим анх Модун (НТӨ 209-174) шаньюйд ялагдсан юэчжи нар НТӨ 177 онд Хүннүгийн баруун сэцэн ванд дахин ялагдаж Шинжаан дахь хараат эзэмшлүүд, газар нутгаа алджээ. Гиюй (Цзиюй, НТӨ 174-162.X-XI) Лаошань шаньюй НТӨ 167-166 оны өвөл тэднийг дахин довтолж бутцохив. Юэчжи нар Хэсигийн хонгилоос (Ганьсу) нүүж Тэнгэр уул, Долоон Усны хөндий хүрч Сэ (Сай, Сак) нарыг довтолж нутгийг нь булаагаад суурьшихыг оролдов. Гэвч Хүннүгийн харьяат Усуний куньмо тэднийг мөшгөн довтолж цааш хөөв. НТӨ 160 оны орчим Согдиан нутагт хүрч Грек-Бактри улсыг түшжээ. Тэднийг эртний хятад сурвалжид Да Юэчжи гэдэг ба 4 буман хүн амтай, зуугаад мянган цэрэгтэй, ябгу цолтой язгууртнууд захирах 5 аймаг (Сюми, Шуанми, Гуйшуан (Кушан), Сидунь, Гаофу) болдог гэж тэмдэглэжээ. Юэчжи нарын түшсэн Грек-Бактри улс нь дотоод, гадаад улс төрийн нөхцөл, шалтгааны улмаас НТӨ 130 оны үеэс доройтжээ. НТӨ II-I зууны заагаар юэчжи нар Согд, Бактри мужийг эзэмшиж, шилжин суурьшжээ. Юэчжи нар НТ I зууны эхээр Кушаны хаант улсыг үүсгэн байгуулсан юм.
Юэчжийн толгойлогчид ябгу цол зүүдэг. Юэчжи дотроо олон аймагтай томоохон угсаатан байжээ. Хүннүд ялагдаж ихэнх нь өрнө зүгт нүүсэн ч нутагтаа үлдэж Бага Юэчжи нэртэй болсон хэсэг Сучжоугаас Лянчжоугийн хооронд нутаглаж Хүннүд захирагджээ. Тэд бас Хунье, Сючу зэрэг таван овогтой байжээ. Эдгээр Бага Юэчжийн удмын аймгийн нэр X зуун хүртэл түүхийн тавцанд үзэгдсээр байжээ.
Түмэн шаньюйг Модун залгах ёстой байв. Гэвч Түмэн бага хатны хүүгээ шаньюй болгохын тулд Модуныг Юэчжид илгээгээд дараа нь Юэчжиг гэнэт довтлов. Үүнд хилэгнэсэн Юэчжийн эзэн Модуныг барьж алахыг завдахад Модун Юэчжийн хурдан аргамагийг хулгайлж унаад зугтаж нутагтаа эсэн мэнд иржээ. Модун хаан болоод гарал угсаа нэгтэй Дунхуг довтолж эрхшээлдээ оруулсны дараа Юэчжийг НТӨ 207-204 онд довтолжээ. НТӨ 177 онд Хүннүгийн баруун сэцэн ван Юэчжийн хараат Баруун хязгаарыг дайлж 26 хот-улс, овог, аймгийг өөртөө нэгтгэв. Гэвч хүчирхэг хэвээр байсан Юэчжиг Лаошань шаньюй НТӨ 167-166 оны өвөл их цэргээр дайлж эзнийг нь алж гавлаар аяга хийсэн юм. (Б.Батсүрэн)
Ашигласан ном зохиол
засварлахТүүхийн тэмдэглэл (хятад хэлээр)
Түрүү Хан улсын түүх (хятад хэлээр)
Страбон. Газарзүй, XI, 8, 2
Птоломей. Газарзүй, VI, 12, 4
Марк Юниан Юстин. Помпей Трог “Филиппийн түүх”-ийн товчоон
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 2. М-Л., 1950
Haloun G. Zur Üe-tṣï- Frage // Zeitrschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft. Bd.91. Leipzig, 1937. тал 243-318
Pulleyblank E.G. Chinese and Indo-Europeans // Journal of the Royal Asiatic Society of Great Britain and Ireland. No 1\2, 1966. тал 9-39
Henning W.B. The First Indo-Europeans in History – Society and History. Essays in Honour K.A.Wittfogel. Ed. by G.L.Ulmen. Hague-Paris-New York, 1978. тал 215-230
Боровкова Л.А. Кушанское царство по древним китайским источникам. Москва, 2005
Дэлгэржаргал П. Монголчуудын угсаа гарвал. УБ., 2005